“Сэндбокс зохицуулалтын орчны журам" батлагдлаа
Дэлгэрэнгүй мэдээлэл авхыг хүсвэл холбогдно уу:
Финтек буюу технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн нь санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг илүү хямд өртгөөр хэрэглэгчдэд хүргэх боломжийг нэмэгдүүлж, өргөн цар хүрээг хамарсан санхүүгийн хүртээмжийг дээшлүүлэх технологийн хэрэглээ юм. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй финтек нь санхүүгийн салбар дахь өрсөлдөөнийг нэмэгдүүлж байна.
Энэхүү финтекийн давлагаа буюу хурдацтай хөгжиж буй салбарыг санхүү эдийн засгийн тогтвортой байдал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зэрэг бодлоготой уялдуулан зохицуулах томоохон сорилт эрх бүхий байгууллагуудад тулгараад байгаа билээ. Энэхүү сорилттой холбогдуулан дэлхийн олон орнууд "сэндбокс зохицуулалтын орчин"-ыг бий болгож байна.
Сэндбокс зохицуулалт нь технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гарааны компаниуд (цаашид “стартап” гэх) аливаа тусгай зөвшөөрөл, бүртгэл, болон бусад эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тестээр турших, зах зээлд нэвтрүүлэх, бизнес загвараа боловсруулахад зориулсан тусгай зохицуулалтын орчин юм. Монгол Улсын хувьд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс "Сэндбокс зохицуулалтын орчны журам"-ыг 2021 оны 3-р сарын 1-ний өдөр батлаад байна. Энэхүү журам нь финтек стартап компаниудад шинэ технологид
суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн загваруудаа Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанк (цаашид "Санхүүгийн зохицуулагч байгууллага" гэх)-ны журам, удирдамжийн дагуу хяналттай орчинд турших боломжийг олгож, оролцогчдод тавигдах шаардлагыг тодорхойлж, холбогдох харилцааг зохицуулахаар болсон байна. "Сэндбокс зохицуулалтын орчны журам"-ын үндсэн зохицуулалтыг дор онцолж байна.
- Сэндбоксын давуу тал
Сэндбоксод оролцогчийн санал болгож буй үйл ажиллагаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл шаардах үйл ажиллагаа1 байгаа тохиолдолд оролцогчид бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн загвараа Санхүүгийн зохицуулагч байгууллагаас тогтоосон тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлагаас сэндбокс хэрэгжих
хугацаанд бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөгдөх байдлаар туршиж болно.
Өөрөөр хэлбэл, сэндбокс нь хуулиар тогтоосон шаардлагыг хангахад хүндрэлтэй байгаа финтек стартап компаниудад илүү уян хатан зохицуулалтын хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бодит зах зээл дээр турших боломжийг олгох зорилготой юм. Сэндбокс нь оролцогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд нэвтрүүлэхээс өмнө тэдний үйл ажиллагаа нь аливаа эрсдэл, асуудлыг бий болгох талаар Санхүүгийн зохицуулагч байгууллага, Сангийн яам болон бусад төрийн байгууллагын төлөөллүүд, хууль, эрх зүйн мэргэжилтэн, мэдээлэл технологийн салбарын төлөөлөл, их сургуулийн багш, судлаач, эрдэмтэд, ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагын төлөөллөөс бүрдсэн сэндбоксын зөвлөл тодорхойлолт гаргаж, шийдвэрлэх юм байна. Санхүүгийн зохицуулагч байгууллагын хувьд сэндбокс нь санхүүгийн шинэчлэлийг дэмжихийн зэрэгцээ хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах мөн түүнчлэн шинэ инновацийг зах зээлд нэвтрүүлснээр илүү оновчтой зохицуулалтын бодлогыг боловсруулах боломж бүрдэн гэж үзэж байгаа юм байна.
2. Оролцогчдод тавигдах шаардлага
Сэндбоксын оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх;
- банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй;
- хувьцаа эзэмшигчид, удирдах түвшний албан тушаалтнууд нь өмнө нь мөнгө угаах болон эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгэлгүй; ба
- хувьцаа эзэмшигчийн оруулж буй хувь хөрөнгө нь Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан.
Сэндбоксын оролцогчийн санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ болон бизнес загвар нь дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
- Тодорхой шаардлага болон нөхцөл - Оролцогч нь бүтээгдэхүүн, үйлчилгээний тодорхой хамрах хүрээ, зориулалт болон үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөтэй байх ёстой. Оролцогчийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь санхүүгийн зах зээлд шинээр нэвтэрч байгаа, эсхүл ижил төстэй санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй харьцуулахад санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн хүртэх үр ашиг илүү, шат дамжлага, зардал багатай байх. Түүнчлэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь санхүүгийн тогтвортой байдалд заналхийлээгүй бөгөөд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх чиглэлд ашиглагдах зорилго агуулаагүй байх.
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний бэлэн байдал - Бүтээгдэхүүн, үйлчилгээний технологийн хөгжүүлэлт нь шаардлагатай хэмжээнд хийгдэж сэндбоксын хүрээнд туршиж үзэхэд бэлэн байх ба хэрэглэгчдэд санал болгоход бэлэн болсон байх.
- Эрсдэлийн удирдлагын хяналт - Хэрэглэгчид болон санхүүгийн зах зээл дээр учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх эсхүл багасгах эрсдэлийн менежментийн төлөвлөгөөтэй байх.
- Хэрэглэгчийг хамгаалах - Сэндбоксын хүрээнд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөтэй байх.
- Гарах төлөвлөгөө - Оролцогч сэндбоксоос гарах төлөвлөгөө, амжилттай хэрэгжсэний дараагаар зах зээлд нэвтрэх шилжилтийн төлөвлөгөөтэй байx.
- Сэндбоксын үргэлжлэх хугацаа
Сэндбоксод орох хүсэлтэй оролцогчид 3 болон 9-р сарын ажлын эхний 10 хоногт Санхүүгийн зохицуулагч байгууллагаас байгуулагдах сэндбоксын нэгжид хүсэлтээ илгээнэ. Сэндбоксын үргэлжлэх хугацаа нэг (1) жил байх ба оролцогчийн хүсэлтийг үндэслэн нэг (1) жил хүртэлх хугацаагаар нэг удаа сунгаж болохоор заасан байна.
2. Сэндбоксоос гарах
Оролцогчийг дараах тохиолдлуудад сэндбоксоос гаргана. Үүнд:
- сэндбоксын үргэлжлэх хугацаа дууссан; ба
- сэндбоксын үргэлжлэх хугацааг Санхүүгийн зохицуулагч байгууллагын шийдвэрээр, эсхүл оролцогчийн хүсэлтээр хугацаанаас өмнө дуусгавар болгосон.
Оролцогч сэндбоксоос гарах үед сэндбоксын хүрээнд үйлчилж байсан Санхүүгийн зохицуулагч байгууллагаас тогтоосон нөхцөл, шаардлага, хязгаарлалтууд хүчингүй болно.
Санхүүгийн зохицуулагч байгууллага нь сэндбоксод амжилттай хэрэгжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг бий болгох талаар холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллана.
Дүгнэлт “Сэндбокс зохицуулалтын орчны журам” нь финтек стартап компаниудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Монгол Улсад тодорхой хугацаанд турших боломжийг нээж өгснөөр санхүүгийн салбарын шинэчлэлийг дэмжихэд оновчтой арга хэрэгсэл болох боломжтой юм. Түүнчлэн Санхүүгийн зохицуулагч байгууллагууд сэндбокс зохицуулалт гэх энэхүү ойлголт болон үүнтэй холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлснээр цаашид Монгол Улс дэлхийн улс орнуудын финтек зах зээлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломж бүрдэж байна. Энэхүү журам батлагдаад удаагүй тул журмын хэрэгжилттэй холбоотой асуудлууд одоогоор хараахан шийдвэрлэгдээгүй байна.