Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль[1] батлагдалаа
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл холбогдоно уу.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 сарын 17-ны өдөр “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хууль (“Хууль” гэх)-ийг батлах хүртэл улсын хэмжээнд хувь хүний нууц мэдээллийг захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүл гэх мэт төрлөөр “ерөнхийлөн” ангилж, хувь хүнд нууцаа өөрөө хамгаалах үүргийг хүлээлгэж байв. Харин цахим харилцаа холбоо, мэдээллийн технологийн янз бүрийн шийдлүүд хүмүүсийн харилцаа холбоо, амьдралын өдөр тутмын хэв маягтай бүрэн уялдах болсноор хүний хувийн мэдээллийн төрөл өргөжиж, хувь хүний нууцыг хадгалах үүргийг тухайн хувь хүнээс гадна мэдээллийг олж мэдсэн аливаа этгээдэд хүлээлгэх хэрэгцээ шаардлага үүссэн. Дэлхийн 130 гаруй орнуудын адилаар Монгол Улс хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг батлав.
Хууль 2022 оны 5 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх ба Хууль хүчин төгөлдөр болсноор 1995 оны 4 сарын 21-ний өдөр батлагдсан Хувь хүний нууцын тухай хууль хүчингүй болно.
Хуулийн онцлог зохицуулалтуудыг тоймловол:
A. Хүний хувийн мэдээлэл, түүнийг цуглуулах, боловсруулах, ашиглах асуудал
Хуульд зааснаар дор тодорхойлсон “хүний хувийн мэдээлэл”-ийг хуульд заасан үндэслэлээр болон мэдээллийн эзний зөвшөөрлөөр цуглуулж[2], боловсруулж[3], ашиглаж[4] болно. Үүнд:
- хүний эмзэг мэдээлэл (хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл)
- хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр
- төрсөн он, сар, өдөр, төрсөн газар
- оршин суугаа газрын хаяг, байршил
- иргэний бүртгэлийн дугаар
- хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл
- цахим тодорхойлогч (хүнийг цахим орчинд тодорхойлох мэдээллийн системийн нэвтрэх нэр, цахим шуудан, нийгмийн сүлжээ, харилцаа холбооны утастай болон утасгүй технологийн хаяг, бусад төрлийн төхөөрөмж, мэдээллийн систем дэх мэдээлэл)
- хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээлэл.
Хуульд зааснаар төрийн байгууллага мэдээллийн эзний зөвшөөрлөөр, хуульд заасан үндэслэлээр, хөдөлмөрийн харилцааны явцад, гэрээ байгуулах, байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно.
Б. Хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой мэдээлэл хариуцагчийн хүлээх үүрэг
Төрийн байгууллагаас бусад хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг Хуульд “мэдээлэл хариуцагч” гэж тодорхойлсон. Мэдээлэл хариуцагч нь хүний хувийн мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглахдаа мэдээллийн эзснээс бичгээр (цаасан эсхүл цахим хэлбэрээр) зөвшөөрөл авсан байна.
Хуульд заасны дагуу мэдээлэл хариуцагч буюу хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах этгээд нь мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах дотоод журам баталж мөрдөх, мэдээллийн эзнээс бичгээр зөвшөөрөл авч байх, хүний хувийн мэдээллийг цуглуулж, ашиглаж, боловсруулж байгаа зорилго, үндэслэлээ мэдээллийн эзэнд тодорхой тайлбарлаж байх, тус үйл ажиллагааны талаар бүртгэл хөтлөх, мэдээллийн эзний гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үүрэг хүлээж байна.
В. Дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж ажиллуулахтай холбоотой зохицуулалт
Хуульд зааснаар дууны, дүрсний бичлэгийн төхөөрөмж /хяналтын камер, дуу хураагуур гэх мэт/-ийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу нийтийн зориулалттай орон сууцны дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ажлын байранд хүн, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөллгөөний мэдээлэл цуглуулахтай холбогдуулан байршуулахдаа дараах хориглолтуудыг дагаж мөрдөх шаардлагатай болж байна. Үүнд:
- ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах;
- нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах;
- нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайн дүрсний бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дүрст хэлбэрээр тараах;
- дүрсний бичлэгт мэдээллийн эзнээс бусад хүний мэдээлэл байгаа тохиолдолд дүрсний бичлэгийг үзүүлэх, хуулбарлаж өгөх.
Г. Мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллага
Хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хангаж, хяналт тавих бүрэн эрхтэй байна. Тухайлбал, Цахим хөгжил, харилцаа холбооны яам цахим орчинд хүний мэдээллийг хамгаалахтай холбогдуулан технологийн аюулгүй байдлын шаардлага, журам батлах, системийн аюулгүй байдал алдагдаж, хүний хувийн мэдээлэл эрсдэлт орсонтой холбоотой мэдээллийг нэн даруй бүртгэн авч, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах үүрэгтэй болов. Хүний эрхийн Үндэсний Комиссын хувьд Хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтэд таниулах, зөвлөмж, хүний хувийн мэдээлэл цуглуулах, ашиглах, боловсруулах, хамгаалах чиглэлээр шаардлага боловсруулах, зөвлөмж өгөх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр болж байна.
Хувийн мэдээлэл цуглуулах, ашиглах, боловсруулах, хамгаалах үйл ажиллагаанд бий болсон ямарваа зөрчилд мэдээллийн эзэн Хуульд заасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн дагуу эсхүл Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гарган, шийдвэрлүүлэх эрхтэй.
Дүгнэлт:
Хууль батлагдсанаар ямар төрлийн мэдээллүүд Хуулиар хамгаалагдсан хувийн мэдээлэл болж байгаа нь тодорхой болсон тул мэдээллийн эзэд өөрийн хувийн мэдээлэлтэй холбогдох Хуулиар олгосон эрх, үүргээ мэдэж авахын зэрэгцээ хүний хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах аливаа үйл ажиллагаанд холбогдож буй иргэн, хуулийн этгээд (ажил олгогч, гэрээний талууд, үйлчилгээний байгууллагууд гэх мэт) мэдээллийн эзний зөвшөөрлийг бичгээр авах (хүний хувийн мэдээллийг авч, ашиглаж байгаа талаар хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, аливаа этгээдтэй байгуулж буй гэрээндээ дурдах гэх мэт) шаардлагатайг анхаарах нь зүйтэй байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл холбогдоно уу.
[1] https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390288615991
[2] Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.6."мэдээлэл цуглуулах" гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг ойлгоно.
[3] Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.5."мэдээлэл боловсруулах" гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагаа, тэдгээрийн нийлбэрийг
[4] Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.4."мэдээлэл ашиглах" гэж мэдээллийг цуглуулах, боловсруулахаас бусад хэлбэрээр үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцахыг;