“Хуульчийн Ажлын Байрны Үзэсгэлэн Яармаг - 2024" амжилттай боллоо
Өмгөөллийн "Дашням Партнерс" ХХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан , хуулийн сургуулийн оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох, хуульч, эрх зүйчид, хуулийн сургуулийн оюутнуудыг ажил олгогчидтой холбох, ажил олгогчдын үйл ажиллагаа, онцлогийг хуульч, эрх зүйч, оюутнуудад таниулан сурталчилах, хүний нөөцийн бүрдүүлэлтэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор "Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг – 2024" арга хэмжээг 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдөр "Бест Вестерн Примьер Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд уламжлал ёсоор Монголын Хуульчдын Холбоотой хамтран гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн арга хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 14 байгууллага хуульч, эрх зүйчдийг ажлын байранд урьж, өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулан идэвхтэй оролцлоо.
Оролцогч аж, ахуйн нэгжүүд:
- Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл
- Монголын Хуульчдын Холбоо
- Монгол Улсын Хөгжлийн Банк
- Өмгөөллийн "Дашням Партнерс" ХХК
- Монгол Өмгөөлөгч хууль зүйн фирм
- Өмгөөллийн “Ананд Адвокатс” ХХН
- Өмгөөллийн "ЭмДиЭс энд Хаанлекс" ХХН
- Өмгөөллийн "ЖэйЭнТи Партнерс" ХХН
- "Оюу Толгой" ХХК
- "Таван Богд Холдинг" ХХК
- Ариг Банк
- Легал Дата
- Зориг Сан
- Worki
Үзэсгэлэн яармагийн үеэр “Хувийн хэвшлийн байгууллагын хуульчийн ажлын онцлог”, “Нийтийн албан дах хуульчийн ажлын онцлог" сэдвүүдээр өрнөсөн сонирхолтой хэлэлцүүлэг болон Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Цогт шүүгчтэй “Шүүгчийн Карьер” сэдэвт ярилцлага хийлээ. Мөн энэ жил бид богино илтгэлүүдээр үйл ажиллагаагаа баяжуулсан ба “Төгсөөд үргэлжлүүлж сурах уу? Ажилд орох уу?” “CV, ажлын ярилцлага дээр гаргадаг нийтлэг алдаанууд”, “Хуульчийн ажил мэргэжлийн талаарх төсөөлөл болон бодит байдал”, “20 настай өөртөө өгөх гурван зөвлөгөө”, “Стресс шийдвэр гаргалтанд нөлөөлөх нь” “Төрийн албаны хүний нөөцийн бодлогын зарим асуудал” гэх зэрэг зөвхөн хуульчийн хүрээнд бус оюутан залууст хэрэг болохуйц зөвлөмж зөвлөгөө, анхаарууштай сэдвүүдээр илтгэл тавигдсан юм.
Арга хэмжээний үеэр нийт зургаан богино илтгэл, гурван хэлэлцүүлэгт зочин оролцогчоор оролцож өөрсдийн үнэт цагаа зориулан арвин туршлага, мэдлэгээ залуу үедээ хуваалцсан эрдэмтэн багш, хуульч болон бусад мэргэжилтнүүддээ гүн талархал илэрхийлье.
Бидний санаачлан энэхүү үзэсгэлэн яармагийг хамтран зохион байгуулсан Монголын Хуульчдын холбоо, идэвхтэй оролцсон аж ахуйн нэгж, байгууллагууд, хуулийн сургуулиудын удирдлага, хамт олон, хүрэлцэн ирсэн нийт хуульч, эрх зүйч, хуулийн сургуулийн оюутнууддаа талархал илэрхийлэн цаашдын ажил, сурлагад нь өндөр амжилт хүсье.
Хүндэтгэсэн,
Өмгөөллийн "Дашням Партнерс" ХХК