Монгол Улсад тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан авто зам, унадаг дугуй болон явган зорчигч зорчиход зориулсан авто зам, гүүр, хонгил зэрэг замын аливаа байгууламжаар зорчих, барих, тэдгээрийг эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг 2017 оны 5 сарын 11-ны өдөр батлагдсан Авто замын тухай хуулиар (“АЗтХ”) зохицуулдаг. “Авто зам” нь тээврийн хэрэгсэл зорчиход зориулсан хатуу болон ердийн хөрсөн зам байх бөгөөд зорчих хэсэг, хөвөө, зурвас газар, тусгайлсан эгнээ болон замын байгууламжаас бүрдэнэ. “Замын байгууламж” гэдэгт бүх төрлийн гүүр, тавилан, гүүрэн гарц, унадаг дугуй болон явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход зориулсан зам, ус зайлуулах хоолой, шуудуу, хонгил, замын хөдөлгөөнийг зохицуулах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай төхөөрөмж, авто замын зурвас газарт байгаа төлбөр авах цэг, авто зогсоол болон бусад байгууламжийг хамтад нь ойлгохоор АЗтХ-д заажээ. Авто замыг зориулалтын хувьд:

а)         Олон улсын чанартай авто зам;

б)         Улсын чанартай авто зам;

в)         Орон нутгийн чанартай авто зам;

г)          Нийслэлийн авто зам;

д)         Тусгай зориулалтын авто зам; ба 

е)         Аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто зам гэж ангилна.

АЗтХ-д зааснаар иргэн, хуулийн этгээд (өмчийн хэлбэр үл харгалзан) нь авто зам “ашиглагч” бөгөөд авто зам, замын байгууламжийг зориулалтын дагуу ашиглахтай холбоотой дараах эрх эдэлж, үүрэг хүлээж байна:

а)         хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд авто зам, замын байгууламжийг үнэ төлбөргүй ашиглах;

б)         авто замын арчлалт, засвар, хөдөлгөөний аюулгүй байдлын талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, шаардлага тавих;

в)         авто замын засвар, арчлалт хариуцсан байгууллагын буруугаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;

г)          авто замд үүссэн бусдад хохирол учруулж болзошгүй ноцтой эвдрэл, зөрчлийн талаар хариуцсан байгууллагад нэн даруй мэдээлэх;

д)         барилга байгууламж барих, өргөтгөх, шугам сүлжээнд холболт хийх зэрэг зайлшгүй шаардлагаар авто замыг сэтлэх, орц, гарц гаргах зэрэг авто замын хэвийн байдлыг алдагдуулах тохиолдолд авто зам эзэмшигч байгууллагаас зөвшөөрөл авч, ажил дууссаны дараа ашиглалтын хэвийн байдлыг ханган, хүлээлгэн өгөх.

Авто зам ашиглагч авто зам, замын байгууламжийг эвдэж гэмтээх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр замын бүтцийг өөрчлөх, зорчих хэсэгт хог хаях, ус урсгах, чулуу, төмөр зэрэг зүйлс үлдээх, хөдөлгөөнд саад учруулж, үзэгдэх орчин хязгаарласан хаяг, сурталчилгааны самбар, эд зүйлс байрлуулж болохгүй. Тус шаардлагыг зөрчсөн иргэнд 150,000 төгрөг, хуулийн этгээд 1,500,000 төгрөгийн торгуулийг Зөрчлийн тухай хууль[1]д заасны дагуу ногдуулдаг.

Нөгөө талаас, авто замын ашиглалтын нөхцөл хангагдаагүйгээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хохирол учирсан болохыг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол авто замын арчлалт, хамгаалалт хариуцсан авто замын байгууллага уг хохирлыг хариуцаж, нөхөн төлөх үүрэгтэй. 

Авто замын зориулалтыг Зам, тээврийн хөгжлийн яамны зөвшөөрлөөр өөрчилж болох ба одоогийн байдлаар зориулалт өөрчлөхтэй холбоотой нарийвчилсан журам батлагдаагүй байна.

Тусгай зориулалтын болон аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто зам, замын байгууламж барих, ашиглах талаар

АЗтХ-д “тусгай зориулалтын авто зам” гэж тусгай зориулалтын тээврийн үйлчилгээнд зориулсан авто замыг ойлгоно гэж тодорхойлсон ч тус авто зам дээр үйлдэх тээвэрлэлтийн төрөл, зүйлийг тусгайлан заагаагүй. Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, чиглэлийг тогтоох, ашиглахад Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах” журам мөрдөгдөж байгаа ба тус журмын зохицуулалтаас харахад тусгай зориулалтын авто замыг тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмалын орд, уурхайн байршил зэргийг гол шалгуур болгон барьж байна. Өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 7 төрлийн авто зам, замын байгууламжийг тусгай зориулалтын авто замын чиглэл болгож баталсан нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаахудагийн уурхайгаасаас Гашуунсухайт боомт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн авто зам зэргийг хамарч байна[2]. Түүнчлэн, аж ахуйн нэгжээс уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх талаар гаргасан хүсэлт, хүн, амьтны шилжилт хөдөлгөөн болон газар нутгийн онцлогоос хамаарч авто замын чиглэлийг тусгай зориулалтад багтааж болдог.[3] Аж ахуйн нэгж тусгай зориулалтын авто зам барьж байгуулах хүсэлтээ Зам, тээврийн хөгжлийн яаманд гаргасан тохиолдолд авто зам барих тухайн бүс нутгийн онцлог, урьд нь баригдсан авто замын төрөл зэргийг харгалзан үзэж, тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журмыг баримтлан тухайн чиглэлд тусгай зориулалтын авто зам барих эсэхийг шийдвэрлэнэ. Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих шийдвэр гарснаар Зам, тээврийн хөгжлийн яам аж ахуйн нэгжтэй барих, ашиглах гэрээ байгуулж, гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэж өгөх ёстой. Бүх төрлийн авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулахад Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 49 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад авах” журмыг баримталж байна. Барьж байгуулах ажлыг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэх шаардлагатай. Гүйцэтгэлийн явцад техник, технологийн хяналт тавих тусгай зөвшөөрөл бүхий этгээд давхар хяналт тавьж ажиллана. Авто замын тухай хуулийн нэгэн онцлог зохицуулалт нь шинээр барьж байгуулсан авто зам, замын байгууламжид гурван жилийн чанарын баталгаа олгохыг барилгын ажил гүйцэтгэгч болон техник, технологийн хяналт тавьсан хуулийн этгээдээс тус тус шаарддаг.

Тусгай зориулалтын авто зам нь төрийн нийтийн эзэмшилд байдаг ч тусгай зориулалтын авто замын хөрөнгө оруулагч Зам, тээврийн хөгжлийн яамтай гэрээ байгуулснаар авто замыг эзэмших боломжтой бөгөөд АЗтХ-д зааснаар авто зам эзэмшигч нь авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт зэргийг хариуцах үүрэгтэй. Гэрээний үндсэн дээр тусгай зориулалтын авто зам, замын байгууламж эзэмшигч нь бусад аж ахуйн нэгж, иргэнд тухайн авто зам, замын байгууламжийг ашиглуулах эсэхийг Зам, тээврийн хөгжлийн яамтай зөвшилцөж шийдвэрлэнэ. Тийнхүү ашиглуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд зам ашигласны төлбөрийг Засгийн газраас тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр авах эрхтэй байна. Мөн тусгай зориулалтын авто зам, замын байгууламжаар байнга зорчдог, тээвэрлэлт хийдэг иргэн, хуулийн этгээд авто зам ашигласны төлбөрийг гэрээ байгуулсны үндсэн дээр урьдчилан төлж болдог ба энэ тохиолдолд 30 хувиар хөнгөлөлт үзүүлэхээр журамлажээ [4].

Авто зам ашиглахад баримтлах өөр нэг нийтлэг шаардлага бол авто замаар ачаа тээвэрлэхэд тавигдах авто замын даацын шаардлага юм. АЗтХ-ийн 29-р зүйлийн 29.3.5 дах хэсэгт тусгай хамгаалалтгүй эсхүл зөвшөөрөлгүйгээр тухайн авто замын үзүүлэлтээс хэтэрсэн овор, хэмжээ, даацтай тээврийн хэрэгсэл зорчуулахыг хориглосон. Тухайлбал, тусгай зориулалтын авто зам дээр 65-115 тонн хүртэлх жин бүхий (үүнд авто тээврийн хэрэгслийн жин багтсан байдаг) ачаа тээвэрлэхийг[5] зөвшөөрч байна.

Хуулийн этгээд өөрийн эзэмшлийн нутаг дэвсгэр дээр (эзэмших эсхүл ашиглах эрх бүхий газар дээр) дотоодын хэрэгцээндээ зориулан барьсан авто замыг аж ахуйн нэгж, байгууллагын (“аж ахуйн нэгжийн”) “дотоодын авто зам” гэнэ. Тухайлбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд ашигт малтмал тээвэрлэх зорилгоор уурхайн талбай бүхий өөрийн эзэмшлийн газартаа авто зам барьсан байдаг. Түүнчлэн, орон сууцны хорооллын авто машины зогсоол, түүнтэй адилтгах байгууламжийг “орчны газар” гэж тусгайлан тодорхойлдог боловч авто замын зориулалтын хувьд аж ахуйн нэгжийн дотоодын авто замын ангилалд хамаарахаар байна. Сууц өмчлөгчдийн хувьд орчны газрыг эзэмшиж, ашиглахдаа АЗтХ-ийн дагуу авто зам, замын байгууламж ашиглагчийн үүргээ биелүүлэх ёстой юм.

Харин концессын гэрээгээр авто зам, замын байгууламж барьж, ашиглах, шилжүүлэхэд Концессын тухай хууль[6] үйлчилнэ. Тухайлбал, авто зам барих-ашиглах-шилжүүлэх төрлийн концесс эзэмшигч концессын гэрээний дагуу баригдсан авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс Засгийн газраас баталсан төлбөрийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр, эсхүл концессын гэрээнд заасан тарифаар авто зам ашигласны төлбөр хураах эрх эдлэх замаар хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх практик элбэг байна.


[1] Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 05 сарын 11-ны өдөр баталсан “Зөрчлийн тухай” хууль

[2] Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 08 сарын 29-ний өдрийн 272 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тусгай зориулалтын авто замын чиглэлийн нэр, дугаарын жагсаалт”

[3] Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”

[4] Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 274 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам

[5] Монгол Улсын Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан MNS 6278 : 2011 Хүнд даацын авто тээврийн хэрэгсэл. Техникийн ерөнхий шаардлага

[6] Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 01 сарын 28-ны өдөр баталсан “Концессын тухай” хууль