Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл холбогдоно уу.

Монгол Улсад өнөөдрийг хүртэл виртуал хөрөнгийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн орчин тодорхойгүй байсан боловч нэг талаасаа санхүүгийн нэгэн цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн, нөгөө талаасаа эдийн засагт трэнд болж буй цахим “үзэгдэл”-д монголчууд нийтдээ  2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Монгол Улсын хадгаламжийн хэмжээ 19 их наяд төгрөг гэвэл үүний 10 хувь нь цахим мөнгөний зах зээлд эргэлдэж байна гэсэн мэдээ байдаг.[1] Гэсэн хэдий ч иргэн, хуулийн этгээд виртуал хөрөнгийн үйл ажиллагааг эрхэлсээр байсан нь Монгол Улсыг болон тухайн харилцаанд оролцогч нарыг эрсдэлд оруулж, мөнгө угаах болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, терроризмыг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, эрсдэлийг бий болгох зэрэг сөрөг үр дагавар их байна[2] хэмээн хууль боловсруулагчид үзсэний үндсэн дээр виртуал хөрөнгийн эрх зүйн орчинг бүрдүүлэх ажил 2020 оны 12-р сараас хийгдэж эхлэн, 2021 оны 12-р сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурал Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль (цаашид “Хууль” гэх)-ийг эцэслэн баталлаа. Гэхдээ энэхүү Хууль батлагдсан ч виртуал валют тэр дундаа блокчэйн технологид суурилсан криптовалют нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд тодорхойлсон цахим мөнгө биш бөгөөд төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй нь хэвээрээ юм.[3]

Монгол Улс хэдий “саарал жагсаалт”-аас гарсан боловч ФАТФ-ын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан үндэсний хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байгаа.[4] ФАТФ-ын 15 дугаар зөвлөмжийг тайлбарлах, хэрэгжүүлэх хүрээнд ФАТФ-аас 2019 оны 6-р сард анхны удирдамжийг гарган, 2021 оны 10-р сард шинэчилсэн (цаашид “ФАТФ Удирдамж” гэх) бөгөөд энэхүү Хуулийн үндсэн ойлголт, тодорхойлолтууд нь уг ФАТФ Удирдамжид голчлон суурилсан байна.

Виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулах гол хууль болох Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль нь 4 бүлэг, 17 зүйлээс бүрдэх бөгөөд эдгээрээс онцлох зохицуулалтуудыг нь багцлан хүргэж байна.

  1. Хуулийн онцлог зохицуулалтууд

А. Зорилт

Энэ Хуулийн зорилт нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, холбогдох эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах юм[5].

Б. Хамрах хүрээ

Монгол Улсад бүртгэлтэй компани Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсруу энэ хуульд заасан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү Хуулийг баримтална.[6] Үүнээс харвал гадаад улсад бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх компани Монгол Улсад виртуал хөрөнгийн үйлчилгээг үзүүлэхийг шууд хориглоогүй ч тэр тохиолдолд хэрхэн зохицуулалт хийх талаар энд тодорхой зохицуулаагүй байна. Мөн Монгол Улсаас гадаад улсруу энэ хуульд заасан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг энэхүү Хуулиар зохицуулна гэж заасан ч холбогдох зохицуулалт нь Хуульд тодорхой тусгагдаагүй байна.

В. “Виртуал хөрөнгө” болон “виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч”-ийн тодорхойлолт

Виртуал хөрөнгө” гэдэгт аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг ойлгоно.[7]

ФАТФ Удирдамжид “виртуал хөрөнгө” гэдгийг тодорхойлсон байдаг ба тус тодорхойлолттой энэхүү Хуульд хэрэглэсэн “виртуал хөрөнгө”-ийн тодорхойлолт нь утга агуулгын хувьд адилхан байна. Мөн ФАТФ Удирдамжид дурдсанаар “виртуал хөрөнгө”-ийн тодорхойлолтыг өргөн утгаар тайлбарлах боломжтой байхаар томьёолохыг зорьсон бөгөөд тухайн виртуал хөрөнгө ямар технологи дээр суурилснаас үл хамааран виртуал хөрөнгө болон үүнтэй холбоотой үйлчилгээг шинж чанар талаас нь зохицуулсан. Виртуал хөрөнгө нь дижитал хэлбэрт байх ёстой бөгөөд түүнийг дижиталаар арилжих эсхүл шилжүүлдэг байх ёстой бөгөөд төлбөр болон хөрөнгө оруулалтын хэрэгслээр ашиглах боломжтой мөн харилцан солигддог биш харин дахин давтагдашгүй шинж чанартай байна.[8]Дижитал” гэдгийг Кэмбрижийн толь бичигт компьютерийн технологи болон интернетийг ашигласан, үүнээс хамаарсан гэж тайлбарласан байна. “Арилжих” эсхүл “шилжүүлэх” гэдэгт бусдад виртуал хөрөнгө гаргах, тухайн хөрөнгийг аливаа бусад зүйлээр солих, тухайн хөрөнгийг бусдад шилжүүлэх эсхүл бусдын өмнөөс шилжүүлэх, түүний өмчлөх эрхийг өөрчлөх эсхүл устгах зэрэг үйлдүүд хамаарна гэжээ.[9]

Европын холбоо бас виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулсан хуулийн төсөл боловсруулах шатандаа яваа бөгөөд уг төслийн хүрээнд виртуал хөрөнгөд төлбөрийн токен, койн, хэрэглээний токен, хөрөнгө оруулалтын токен зэрэг хамаарахаар тусгасан байна.  

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч” гэдэгт хүн, хуулийн этгээд, гэрээ, хэлцэлд оролцогчийн нэрийн өмнөөс, тэдгээрийн захиалгаар, эсхүл тэдгээрт зориулан үзүүлэх дараах үйл ажиллагааг эрхэлж байгаа компанийг ойлгоно. Үүнд:[10]

1)   виртуал хөрөнгө, албан ёсны мөнгөн тэмдэгт хооронд арилжих;

2)   нэг болон олон төрлийн виртуал хөрөнгийг хооронд арилжих;

3)   виртуал хөрөнгийг шилжүүлэх;

4)   виртуал хөрөнгө, түүнд хамаарах хэрэгслийг хадгалах, удирдах;

5)   виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлэх.

ФАТФ Удирдамжид “виртуал хөрөнгөөр үйлчилгээ үзүүлэгч” гэдгийг мөн дээрхтэй адил тодорхойлсон байх ба ФАТФ Удирдамжид дурдсанаар уг тодорхойлолтыг өргөн хүрээнд авч үзэх нь зүйтэй гэжээ. Нэгт, үйлчилгээ үзүүлэгч гэдэгт хувь хүн, хуулийн этгээдийг ойлгох ба бусдын өмнөөс виртуал хөрөнгийн үйлчилгээг үзүүлэх нь тэдний тогтмол бизнесийн үйл ажиллагаа болсон байхыг ойлгоно. Хоёрт, виртуал хөрөнгө арилжаалах, шилжүүлэх гэдэгт заавал арилжаа болон шилжүүлгэд байдаг бүх элемент хангагдсан байх албагүй бөгөөд аливаа хувь хүн болон хуулийн этгээдийн өмнөөс арилжаа, шилжүүлэг хийх үйл ажиллагааг тогтмол хийдэг байхад хангалттай.[11]

Хуулийн “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч”-ийн тодорхойлолтын 6.1.1-6.1.4-т дурдсан үйл ажиллагаа харьцангуй тодорхой байх боловч 6.1.5-д дурдсан үйл ажиллагаанд виртуал хөрөнгийн биржийн үйл ажиллагаа хамаарч байх боловч, виртуал хөрөнгө гаргагчийн үйл ажиллагаа энэхүү хэсэгт хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Хуулиар виртуал хөрөнгийг өөрөө гаргах буюу Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгох, худалдахыг хориглох[12] мөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч энэ Хуулийн 6.1-д заасан үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох[13] тухай зохицуулалтуудаас харахад энэхүү Хуулийн 6.1-д заасан үйл ажиллагаанд виртуал хөрөнгө гаргагч хамаарахааргүй харагдаж байна. Учир нь виртуал хөрөнгө гаргаж, хөрөнгө босгохын гол зорилго нь уг босгосон хөрөнгөөрөө өөр бусад төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд байдаг.

Г. Бүртгэлийн шаардлага

Энэхүү Хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангасан хуулийн этгээд нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхийн өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх шаардлагатай боловч виртуал хөрөнгө гаргагч нь энэхүү Хуулийн 6.1-д заасан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч гэдэгт хамаарахааргүй харагдаж байгаа учир Санхүүгийн зохицуулах хороонд өөрийгөө болон өөрийн гаргах виртуал хөрөнгөө бүртгүүлэх шаардлагагүй байна.

Санхүүгийн зохицуулах хороо нь тухайн хүсэлтийг хүлээн авснаас хойш 6 сарын дотор (уг хугацааг Санхүүгийн зохицуулах хороо дахин 6 сараар сунгаж болно) бүртгэх эсэхээ шийдвэрлэнэ.

Д. Санхүүгийн зохицуулах хороо

Санхүүгийн зохицуулах хороо нь виртуал хөрөнгийн зах зээлд хяналт шалгалт, бүртгэлийн үүрэгтэйгээр оролцох ба түүний бүрэн эрхүүдээс дараахыг онцолж байна. Үүнд:[14]

а)   виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зохистой засаглал, үйл ажиллагаа, тайлан мэдээнд тавигдах шаардлагыг тодорхойлох, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тохиромжтой этгээдийг тодорхойлох, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгийн хэмжээг тогтоох, түүнд өөрчлөлт оруулах, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, түр зогсоох, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэхэд тавигдах нөхцөл, шаардлагыг тогтоох, энэ Хуулийн 10.8-д заасан мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тогтоох журмыг батлах;

б)   виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг хязгаарлах, түр зогсоох,  эсхүл бүртгэлээс хасах мөн бүртгэлээс хассан тохиолдолд энэ талаар улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэх;

в)   эрсдэлд суурилсан хяналт, шалгалт хэрэгжүүлэх;

г)    виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх бүхий албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөрчлөхийг үүрэг болгох, шийдвэрлүүлэх;

д)   виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн гүйлгээ илгээх, хүлээн авах, харилцагч, харилцагчийн хүрээ хязгаар, гүйлгээ хийгдэх гадаад улс, эсхүл тодорхой хуулийн этгээд, гадаад улсаас хөрөнгө оруулалт татах болон бусад үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох; болон

е)   бусад бүрэн эрхүүд.

Санхүүгийн зохицуулах хороо нь бүртгэх, хянах дээрх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа ч виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй[15]. Мөн дээрх Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхэд виртуал хөрөнгийг өөрийг нь бүртгэх тухай ойлголт байхгүй байгаа нь виртуал хөрөнгө гаргагч нь Санхүүгийн зохицуулах хороонд гаргах гэж буй виртуал хөрөнгөө бүртгүүлэх шаардлагагүй харагдаж байна.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг хуульчилсан зарим улс оронд Төв банк нь дээрх чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд мөн адил  виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, бүртгэхээс татгалзах, хяналт тавих, торгох зэрэг арга хэмжээг авах эрхтэйгээр зохицуулсан байна.

Е. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг

Энэхүү Хуулиар Санхүүгийн зохицуулах хороо болон түүний харилцагчдын өмнө хүлээх виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үүргийг тодорхой тусгасан байх ба тэдгээрээс дараах үүргүүдийг онцолж байна. Үүнд:[16]

а)   харилцагчтай виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах ёстой бөгөөд тус гэрээнд заавал тусгах нөхцөлүүдийг энэхүү Хуулиар зааж өгсөн байна. Жишээлбэл: виртуал хөрөнгө нь хууль ёсны мөнгөн тэмдэгтэд хамаарахгүй, эсхүл Төв банк, эсхүл Засгийн газраас баталгаажихгүй талаарх мэдээлэл; виртуал хөрөнгө нь хадгаламжийн даатгал, үнэт цаасны хөрөнгө оруулагчдыг хамгаалах аливаа даатгалд хамаардаггүй талаарх мэдээлэл; болон аливаа эрсдэлүүдийн талаарх мэдээлэл зэрэг[17];

б)   энэхүү Хуульд заасан эрсдэлийн талаарх мэдээллийг харилцагчид гэрээ байгуулахаас өмнө мэдэгдэх;

в)   өөрийн харилцагчийн тухайн үйлчилгээнд хамаарах виртуал хөрөнгө болон мөнгөн хөрөнгийг гүйлгээ хийх, шилжүүлэх, арилжих, хадгалах, удирдах нөхцөл, боломжийг тасралтгүй хангаж ажиллах үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарах хохирлыг хариуцах;

г)    бизнес төлөвлөгөө болон бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт орох бол Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэх;

д)   виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч тухайн үйл ажиллагааны явцад бий болсон цаасан болон дижитал баримтыг хүлээн авсан, эсхүл уг баримтыг үүсгэсэн өдрөөс хойш холбогдох хуульд заасны дагуу 10, түүнээс доошгүй жил хадгалах[18];

е)   нягтлан бодох бүртгэл хөтлөхдөө санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх ба жил бүр санхүүгийн тайландаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн аудитын хуулийн этгээдээр аудит хийлгэж Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэх[19]; болон

ё)   бусад.

Ё. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэхэд шаардлагатай төлбөр хураамж

Энэхүү Хуулийг дагалдан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу виртуал хөрөнгө болон албан ёсны мөнгөн тэмдэгт хооронд фиат мөнгөний арилжаа, виртуал хөрөнгө хоорондын арилжаа, виртуал хөрөнгийн шилжүүлэг болон виртуал хөрөнгө эсхүл түүнд суурилсан санхүүгийн хэрэгслүүдийн удирдлага, хадгаламжийн үйл ажиллагааг эрхлэхээр бүртгэхэд үйл ажиллагаа тус бүр 50,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж, харин виртуал хөрөнгийг худалдах, худалдан авахтай холбоотой санхүүгийн үйлчилгээг эрхлэхээр бүртгэхэд 100,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр заасан байна. Энэ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан бусад өндөр үнийн дүн бүхий хураамжуудаас даруй 10-20 дахин өндөр байна.

Мөн тус улсын тэмдэгтийн хураамжаас гадна Санхүүгийн зохицуулах хороонд үйлчилгээний хөлс төлөх ба уг төлбөрийн хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо өөрөө батална. Энэ нь виртуал хөрөнгийн зах зээлд шинээр орж ирэх стартапуудад маш том санхүүгийн дарамт болж магадгүй юм.

Ж. Энэхүү Хуулийг дагаж мөрдөх журам

Нэгт, энэхүү Хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд аливаа компанийг Санхүүгийн зохицуулах хорооноос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхгүй[20] гэж заасан байна.

Хоёрт, энэхүү Хууль батлагдахаас өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээд энэхүү Хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс 4 сарын хугацаа өнгөрснөөс хойш 3 сарын дотор энэ Хуульд заасан шаардлагыг хангаж, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэхээр заасан байна[21]. Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй[22] гэж үздэг ба энэ Хууль нь энэхүү Хууль батлагдахаас өмнө үүссэн харилцааг мөн зохицуулахаар тодорхой заасан учир энэхүү Хууль батлагдахаас өмнө бий болсон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид нь энэхүү хуулийн зохицуулалтад хамаарах нь үндэслэл бүхий юм. Гэхдээ энэхүү заалтаар одоо арилжаанд байгаа 2 их наяд төгрөгийн үнэ бүхий виртуал хөрөнгийг энэхүү Хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс 4 сарын хугацаанд арилжаалах боломжийг хаан, гацааж байгаа эсэх эсхүл зөвхөн шинээр гаргах койныг түр зогсоож байгаа эсэх нь тодорхойгүй  байна.

З. Дагалдах хуулиуд

Энэхүү Хууль батлагдсантай холбоотойгоор Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулиас гадна Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль зэрэг хэд хэдэн чухал хуулиудад нэмэлт өөрчлөлтүүд орсон болохыг анхаарна уу. 

  •  Дүгнэлт

Энэхүү Хууль нь Монгол Улсын хувьд сүүлийн хэдэн жилд эрчимтэй хөгжиж байгаа ч ямар ч зохицуулалтгүй байсан виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулахаар гарч ирж буй цоо шинэ зохицуулалт болж байна. Ингэснээр нэн тэргүүнд виртуал хөрөнгө нь хууль ёсны хөрөнгө болж байгаа бөгөөд виртуал хөрөнгө гаргагч болон эзэмшигч нарын хувьд сайн мэдээ юм. Учир нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн харилцагчдын хувьд эрх зүйн тодорхой орчин бий болж, эзэмшиж буй койн нь хууль ёсны болж байна. Хоёрт, Монгол Улс ФАТФ-ын 15 дугаар зөвлөмжөөр хүлээсэн үүргээ биелүүлж чадлаа. ФАТФ-ын гол санаа нь виртуал хөрөнгийн зах зээлээр дамжуулан мөнгө угаах асуудлыг шийдвэрлэх зорилготой бөгөөд энэхүү Хууль батлагдсанаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны эсэхийг Санхүүгийн зохицуулах хороо шалгасны үндсэн дээр бүртгэх эсэхийг шийддэг болж байна.   

Нөгөө талаас Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн зах зээлийн хяналт, шалгалт, бүртгэлийг явуулдаг болсноор уг зах зээл өмнөх шигээ эрчимтэй, хурдтай хөгжих, тэлэх боломжгүй болох сул талтай байна. Учир нь энэхүү Хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нарийвчилсан журмуудыг батлан гаргаж, хэрэгжүүлэх, таниулах, мөн мэргэжилтнүүд нь энэхүү салбараа ойлгож, танин мэдэх гэх зэргээр виртуал хөрөнгийн зах зээлийн одоогийн эрчийг сулруулах магадлалтай. Мөн түүнчлэн уг үйлчилгээг үзүүлэх этгээдийн төлөх улсын тэмдэгтийн хураамж хэт өндөр байгаа нь энэ салбарт шинэ гарааны бизнесүүд олноор бий болох, энэ салбарт хүч сорих боломжийг шууд бусаар хязгаарлах магадлалтай юм.


[1] https://news.mn/r/2493151/

[2] Хуулийн үзэл баримтлал, х.2;

[3] Хуулийн үзэл баримтлал, х.1;

[4] Хуулийн танилцуулга, х.1;

[5] Хуулийн 1.1-р заалт;

[6] Хуулийн 3.1-р заалт;

[7] Хуулийн 4.1.1-р заалт;

[8] ФАТФ Удирдамж;

[9] ФАТФ Удирдамж;

[10] Хуулийн 6.1-р заалт;

[11] ФАТФ Удирдамж;

[12] Хуулийн 6.2-р заалт;

[13] Хуулийн 7.7-р заалт;

[14] Хуулийн 10.9-р заалт;

[15] Хуулийн 10.13-р заалт;

[16] Хуулийн 8.1-р заалт;

[17] Хуулийн 9.1-р заалт;

[18] Хуулийн 12.1-р заалт;

[19] Хуулийн 8.6-р заалт;

[20] Хуулийн 17.1-р заалт;

[21] Хуулийн 17.2-р заалт;

[22] Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмж, “Эрх зүйн маргаантай харилцааг тогтоох, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх шүүгчийн ажиллагаа”, 2016 оны 05-р сарын 10-ны өдөр;