2022 оны 4-р сарын 12-ны өдөр Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам[1] (“Тусгай зөвшөөрөл олгох журам” гэх) шинэчлэгдэн батлагдаж, 2018 онд батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам хүчингүй боллоо.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”-ын хүрээнд геологийн судалгааг эрчимжүүлэх, дунд, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах, ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх зорилтын дор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг цахимжуулах замаар тендер сонгон шалгаруулалтын үйл явцыг шуурхай, ил тод явуулах орчныг бүрдүүлэх зорилгоор Тусгай зөвшөөрөл оглгох журмыг шинэчлэн батлав. Тус Журам батлагдахаас өмнө тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ уламжлалт хэлбэрээр гаргах буюу шаардлагатай бичиг баримтыг нэг бүрчлэн хэвлэн гарын үсэг зурж, битүүмжлэн хүргүүлдэг байхыг шаарддаг байсан. Харин Тусгай зөвшөөрөл олгох журмаар энэхүү консерватив аргыг халж, тендер сонгон шалгаруулалтын ажиллагааг бүхэлд нь ил тод, шударга ёсны зарчмын дагуу олон нийтийн хяналт дор цахим хэлбэрээр зохион байгуулахаар болов.

Тусгай зөвшөөрөл олгох журамд зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газар (“АМГТГ) дараах үе шаттайгаар, цахим хэлбэрээр зохион байгуулна.Үүнд:

Нэг. Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын урилгыг нийтэд зарлах

АМГТГ нь Засгийн газрын баталсан талбайгаас сонгон шалгаруулалтын талбайг ялган,  давхцлыг шалгаж Үндэсний геологийн албанд хүргүүлнэ. Үндэсний геологийн алба нь сонгон шалгаруулалтыг явуулах талбайн геологийн суурь судалгааны ажлын ерөнхий мэдээллийг боловсруулж, Улсын төсвийн хөрөнгөөр судлагдсан ордын нөөц, баялаг, эрдсийн хуримтлал тогтоогдсон эсэхийг нягтлаад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (“Уул уурхайн яам)-нд хүргүүлнэ. Уул уурхайн яам нь бүх талбайг хянаж, зарлах талбайг эцэслэж, АМГТГ-ын Кадастрын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ. АМГТГ-ын Кадастрын асуудал хариуцсан нэгж эцэслэгдсэн бүх талбайн тендерийн шалгаруултын урилгыг нийтэд, жил бүрийн эхний улиралд багтаан Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас багагүй хоногийн өмнө үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр зарлана. Сонгон шалгаруулалтын урилгыг төрийн худалдан авах ажиллагааны албан ёсны цахим систем болох www.tender.gov.mn  болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана. Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын урилгад дараах мэдээллийг агуулсан байна. Үүнд:

  • сонгон шалгаруулалтын талбайн тодорхойлолт /талбайн дугаар, талбайн байрших аймаг, сум, талбайн нэр, хэмжээ, солбицол/;
  • сонгон шалгаруулалтын талбайн байршлыг харуулсан зураг; хүсэлтийг бүртгүүлэх цахим хуудас, холбоос хаяг, холбогдох лавлах утасны дугаар;
  • хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа;
  • сонгон шалгаруулалтын талбайн босго үнийн дүн, түүнийг байршуулах дансны дугаар (га тутамд 4500 төгрөг буюу ойролцоогоор 1.44 ам. доллар);
  • үйлчилгээний хураамж, дансны дугаар (250,000 төгрөг буюу ойролцоогоор 80.10 ам. доллар).

Хоёр. Сонгон шалгаруулалтад оролцогчдийн бүртгэл

Сонгон шалгаруулалтад оролцогч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөнөөр сонгон шалгаруулалтын цахим системд нэвтэрч, сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ бүртгүүлэх боломжтой болно. Тийнхүү бүртгүүлсэнээр оролцогч нь сонгон шалгаруулалтын талбайн суурь үнийг төлж, техникийн санал, үнийн саналаа хүргүүлнэ. Ингэснээр оролцогчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт баталгаажна. Сонгон шалгаруулалтад оролцогч нь хүсэлтийн хамт дараах баримт бичгүүдийг өгсөн байна. Үүнд:

  • оролцогчийн албан ёсны нэр, шуудангийн хаяг, утас, факсын дугаар, цахим шуудангийн хаяг;
  • оролцогчийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (оролцогч нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдээр бүртгүүлсэн байх);
  • улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • хайгуулын ажлын төрөл, цар хүрээ, хугацаа, өртөг, байгаль орчныг хамгаалах төсөл, холбогдох зардал, төсөв болон холбогдох бусад баримт бичгүүдийг багтаасан мэргэжлийн шаардлага хангасан ажиллах хүч, техник, тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл, техникийн санал;
  • АМГТГ-аас баталсан маягтын дагуу боловсруулсан үнийн санал;
  • оролцогчийг Монгол Улсад татвар төлөгчөөр бүртгүүлснийг нотлох лавлагаа; болон
  • АМГТГ-аас шаардсан бусад баримт бичиг [мөн сонгон шалгаруулалтын урилгад заасан].

Гурав. Сонгон шалгаруулалтад оролцогчийн үнийн болон техникийн саналыг үнэлэх

Цахим бүртгэл хаагдсан өдрийн дараагийн ажлын өдрөөс эхлэн Уул уурхайн яамны сайдын тушаалаар томилогдсон Сонгон шалгаруулалтын комисс нь сонгон шалгаруулалтын саналыг үнийн саналаас эхлэн үнэлнэ. Үнэлгээний үйл явц олон нийтэд нээлттэй явагдана.

Хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийн техникийн саналыг цаашид үнэлнэ. Сонгон шалгаруулалтад оролцогчийн техникийн саналыг бүртгэлийн системд бүртгүүлсний дагуу хамгийн өндөр үнэтэй харьцуулж тодорхой тооцоо судалгаанд үндэслэсэн эсэх, бодит хэрэгжих боломж байгаа эсэхийг харгалзан үзэж үнэлнэ.

Дөрөв. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын дүгнэлт, төлбөр

АМГТГ үнэлгээний дүнг Сонгон шалгаруулалтын комиссоос хүлээн авсны дараа ажлын 2 өдрийн дотор холбогдох шийдвэрийг гаргаж, дараах зүйлийг харгалзан сонгон шалгаруулалтад оролцогчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно. Үүнд:

  • Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой бол сонгон шалгаруулалтын үнэ, босго үнэ, хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийн зөрүүг эхний нэг жилийн хугацаанд төлөх мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор АМГТГ-аас авна. Сонгон шалгаруулалтад оролцогч нь АМГТГ-аас мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг авах боломжгүй, эсвэл сонгон шалгаруулалтын үнэ, босго үнийн зөрүү, жилийн хураамжийг эхний нэг жилийн хугацаанд төлөөгүй тухайгаа АМГТГ-т мэдэгдсэн бол АМГТГ уг мэдэгдлийг хүчингүй болгож, оролцогчид бичгээр мэдэгдэнэ.
  • Шалгарсан оролцогч АМГТГ-аас мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор жилийн эхний төлбөрөө төлсөн тохиолдолд АМГТГ ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөлтэй талбайг тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэлд бүртгэнэ. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон даруйд МТГ-аас Байгаль орчны яам, тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга, тухайн лицензтэй талбай байгаа Мэргэжлийн хяналтын газарт мэдэгддэг. Энэхүү мэдэгдэл нь өдөр тутмын сонинд нийтлэгдэнэ.

Сонгон шалгаруулалтад оролцогч санал болгосон үнийг төлөөгүй тохиолдолд түүний урьдчилж төлсөн үндсэн төлбөрийг буцаан олгохгүйгээр улсын төсөвт шилжүүлнэ.

Тав. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын онцлог

Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад явуулах үйл ажиллагаа нь дээр дурдсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой ижил. Гэхдээ, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтыг улсын төсвөөр хайгуулын ажиллагаа хийгдсэн эсхүл өмнө олгосон байсан ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон талбайн хувьд зарладаг. Дээрх талбайг Засгийн газраас батлах боловч ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбай нь дараах шаардлагыг ханагасан байх ёстой. Үүнд:

  • тал бүр тийш 500 метрээс багагүй урттай, уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн тэгш олон өнцөгт хэлбэртэй;
  • тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй;
  • давс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын ордын тухайд талбайн хэмжээ нь тал бүр тийш 100 метрээс багагүй урттай.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дээрх 2 дах хэсэгт заасан баримт бичгээс гадна дараах баримт бичгийг сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтдээ хавсаргана. Үүнд:

  • талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр
  • хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл болон АМГТГ-аас гаргасан шийдвэр;
  • хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт;
  • байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
  • улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн талбайд сонгон шалгаруулалт явуулсан байгууллага, албан тушаалтны шийдвэр.

Дүгнэлт

Шинээр батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох журмын дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт нь ийнхүү олон нийтэд цахим хэлбэрээр зарлагдаж, АМГТГ-аас www.tender.gov.mn болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан зохион байгуулагдахаар боллоо.

Дээр дурдсанчлан, хайгуулын тусгай зөвшөөрлийг АМГТГ-аас сонгон шалгаруулалт зохион байгуулж олгоно. Харин ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалт зохион байгуулах замаар эсхүл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтээр олгоно. Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийн дагуу АМГТГ-аас хайгуулын тусгай зөвшөөрлийг эхний удаа 3 жил хүртэл хугацаагаар сунгах нөхцөлтэйгөөр 3 жилээр олгодог бол хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтээр ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эхний удаа 30 жилээр, цаашид тус хугацааг 20 жилээр 2 удаа сунгана.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж, ашигласны төлбөрийн хувьд хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн хураамжийг эзэмшиж буй жилээс нь хамааруулан 1 га тутамд 145-7,250 төгрөг (ойролцоогоор 0,05-2,32 ам.доллар), ашиглалтын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд байгаа ордын төрлөөс хамааруулани жилд нэг га тутамд 7,250-21,750 төгрөг (ойролцоогоор 2,32-6.97 ам.доллар) төлнө.

Эцэст нь, Монгол Улсын Засгийн газраас 2021 онд баталсан Шинэ сэргэлтийн бодлого болон Үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Уул уурхайн яам болон эрдэс баялгийн салбарын бусад эрх бүхий байгууллагууд сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах замаар мэдээллийн ил тод, аюулгүй байдлыг хангаж хөрөнгө оруулагчдад учрах эрсдэл, шаардлагагүй нэмэлт ачааллыг бууруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Тусгай зөвшөөрлийн журам болон Монгол Улсын ашигт малтмалын эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.


[1] https://legalinfo.mn/mn/detail?lawId=16468560734891