Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай
Өмгөөллийн “Ди Би энд Жи Ти Эс” ХХН-ийн хуульчид нийгмийн хариуцлагынхаа
хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-ны зөвлөх эцэг,
эхчүүдэд зориулан “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах
заавар” сургалтыг 2021 оны 4 сарын 24-ний өдөр онлайн хэлбэрээр зохион
байгууллаа.
Энэхүү сургалт нь төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл
ажиллагааны улмаас иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн
тохиолдолд хэзээ, хэрхэн, хэнд хандаж өргөдөл, гомдол гаргах, хөөн хэлэлцэх
хугацаа, өргөдөл, гомдолд тавигдах шаардлага, өргөдөл, гомдол гаргагчийн эрх
зэрэг сэдвийн хүрээнд явагдлаа.
Сургалтад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-ны 120 орчим
зөвлөх эцэг, эхчүүд оролцсон бөгөөд энгийн, ойлгомжтой, үр өгөөжтэй сургалт
болсон гэдгийг онцолсон юм.
Манай нөхөрлөл нь тус Холбоотой 2020 оноос хойш хамтран ажиллаж байгаа
бөгөөд энэ хугацаанд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх” нэртэй
гарын авлагыг хамтран бэлдсэн билээ. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн,
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон төсөл
хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.