Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, бие даасан, олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, сангийн хөрөнгийг зохистой удирдаж, алдагдалгүй түвшинд хүргэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Монгол Улсын Их Хурал 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр дараах хуулиуд (хамтад нь “Нийгмийн даатгалын багц хууль” гэх)-ын шинэчилсэн найруулгыг баталсан нь 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэв. Үүнд:

  • Нийгмийн даатгалын ерөнхий хууль[1];
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль[2];
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль[3];
  • Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хууль[4].

Дээрх хуулиудын шинэчилсэн найруулгын дагуу өөрчлөгдсөн хувь хэмжээ болон бусад онцлог зохицуулалтуудыг тоймловол:

  1. ШИНЭЭР НЭМЭГДСЭН ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТУУД

А.   Тэтгэврийн хуримтлалын тогтолцоог хуульчлав

      Дэлхийн улс орнууд тэтгэврийн даатгалыг хөгжүүлэхдээ хуваарилалтын, хуримтлалын болон хагас хуримтлалын гэсэн гурван үндсэн тогтолцоотой байдаг бөгөөд Монгол Улс хуваарилалтын тогтолцоо буюу тухайн даатгуулагчийн сарын цалин хөлсний дундаж хэмжээ, шимтгэл төлж ажилласан хугацаанаас хамаарч тэтгэвэр тогтоож ирсэн.

Харин шинэчлэн батлагдсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар “тэтгэврийн хуримтлалын тогтолцоо” буюу тухайн даатгуулагчийн төлсөн шимтгэл хуримтлагдан, тодорхой хүүгээр өсөж, тэтгэврийн насанд хүрээд хуримтлагдсан мөнгийг цаашид амьдрах хугацааны илэрхийлэлд хуваах замаар тэтгэвэр тогтоохоор боллоо.

Ийнхүү тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зорилгоор даатгуулагчийн нэрийн дансны мөнгөжүүлсэн орлого буюу тэтгэврийн даатгалын нэрийн дансанд бүртгэсэн орлогын бодит мөнгөн хэлбэрт шилжүүлсэн хэсгийг байршуулах тэтгэврийн нөөц сантай байхаар заасан[5]. Тус нөөц сангийн орлогыг дараах эх үүсвэрээс бүрдүүлэхээр тусгажээ. Үүнд:

  • Ирээдүйн өв сангийн тухай хуульд заасан 2030 оноос эхлэн улсын төсөвт төвлөрөх баялгийн хуваарилалтаас; болон
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээний ажил олгогчийн 1 хувь, даатгуулагчийн 1 хувь, нийт 2 хувийн шимтгэлийн орлогыг байршуулах байдлаар.

Дээрх орлого нь даатгуулагч бүрээр хуваарилагдаж, нөөц санд байрших ба хуримтлагдсан хөрөнгөөр даатгуулагчийн саналд үндэслэн санхүүгийн хэрэгсэл эсхүл тусгайлсан хуулиар зохицуулсан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтэд хөрөнгө оруулж болохоор хуульчилжээ[6].

Б.   Даатгуулагч хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдаж нэмэлт тэтгэвэр авч болох тухай шинэлэг зохицуулалтыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд тусгажээ

Хувийн нэмэлт тэтгэвэртэй холбоотой харилцааг зохицуулах Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж, Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлсэн. (Тус хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй байна)

В.   Тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлд тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүр нэмэгдүүлж байхаар тусгасан байна.  Мөн түүнчлэн тэтгэвэр тогтооход даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох хугацаа дараалсан 7 жил байсныг 5 жил болгон өөрчилжээ[7].

Г.   Өндөр насны тэтгэвэр авагчид холбогдох тусгай зохицуулалт

Гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд 20 ба түүнээс жил хамт амьдарсан эхнэр эсхүл нөхөр нас барсан тохиолдолд нас барсан өндөр насны тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү хэмжээгээр нөхөр эсхүл эхнэрийн авах өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэхээр тусгасан[8]. Нас барсан тэтгэвэр авагч 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгон авч байсан бол эхнэр, нөхөрт нь олгох тэтгэврийн зардлыг улсын төсвөөс хариуцахаар заасан ба бусад тохиолдолд нийгмийн даатгалын сангаас олгоно.

Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн бол тогтоосон өндөр насны тэтгэврийн хэмжээ нь өмнө авч байсан хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хэмжээнээс багагүй байхаар тусгасан байна[9].

  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУВЬ ХЭМЖЭЭ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОДОГ ТЭТГЭМЖИЙН ХУВЬ ХЭМЖЭЭНД ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮД
Өмнөх хуулиар  Шинэчилсэн найруулгаар
 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааран 0.8-2.8 хувь байна.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага, эрсдэл бүхий ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлөөс хамааран 0.5, 1.5, 2.5 хувь байна[10].  
 Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 0.2 хувь байна.  Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 0.5 хувь байна[11].
 Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 66 өдрөөс хэтрэхгүй.Хорт хавдар, сүрьеэгээр анх өвчилсөн, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон эрхтний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 132 өдрөөс хэтрэхгүй[12].  
 Жирэмсний болон амаржсаны тэтгэмж, мөн ажилгүйдлийн тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг хасаж тооцоолж тэтгэмж олгоно.  Жирэмсний болон амаржсаны тэтгэмж, мөн ажилгүйдлийн тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно[13].
 Даатгуулагч 5 хүртэл жил шимтгэл төлж ажилласан бол ажилгүйдлийн тэтгэмжийг 45 хувиар, 5-10 хүртэл жил шимтгэл төлж ажилласан бол ажилгүйдлийн тэтгэмжийг 50 хувиар тус тус тооцож олгоно.Даатгуулагч 24-59 сар шимтгэл төлж ажилласан бол ажилгүйдлийн тэтгэмжийг 50 хувиар, 60-119 сар шимтгэл төлж ажилласан бол ажилгүйдлийн тэтгэмжийг 55 хувиар тус тус тооцож олгоно[14].  
 Ажил олгогч болон даатгуулагч 5 жил дараалан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй бол дараагийн жилд төлөх даатгалын шимтгэлийг 10 хувиар хөнгөлнө.Даатгуулагчийг тогтвор суурьшилтай ажиллуулан 3 жил дараалан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй, Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн ажил олгогчийн сүүлийн жилд төлсөн ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 15 хувиар тооцож, ажил олгогчид 3 жил тутамд нэг удаа шимтгэлийн хөнгөлөлт үзүүлнэ[15].  
 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөр нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн тухайн жилийн шимтгэлийн орлогын 1 хүртэл хувь байна.  Урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөр нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн тухайн жилийн шимтгэлийн орлогын 2 хувиас багагүй байна[16].
 Тэтгэвэр авагчдын протез, ортопедийн үнийг таван жилд нэг удаа 100 хувиар, дараагийн удаа 50 хувиар тооцон сангаас хариуцна.  Тэтгэвэр авагчдын протез, ортопедийн үнийг гурван жил тутамд 100 хувь хариуцна[17].
 Үйлдвэрийн ослыг багасгасан, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулсан ажил олгогчид үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хөнгөлөлтийг гурван жилд 10 хувиар тооцон олгоно.Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилсан сэргийлсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлтийг гурван жилд 15 хувиар тооцон олгоно[18].  
 Зохицуулалт байгаагүй.Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон болон энэ хуулийн дагуу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтныг тохирсон ажлын байраар хангасан тохиолдолд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлт үзүүлнэ[19].  
  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД ОРСОН БУСАД ОНЦЛОГ ӨӨРЧЛӨЛТҮҮД

А.   Албан журмаар даатгуулах нийгмийн даатгалын төрөл нэмэгдэв

      Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан албан журмын даатгалын хамрах хүрээ өргөжиж, дараах өөрчлөлтүүд орсон байна. Үүнд:

  • Тэтгэвэр авагч нь хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж буй тохиолдолд ажилгүйдлээс бусад бүх төрлийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг хүлээнэ.
  • Зэрэгцсэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд үндсэн бус ажлаас олж буй орлогоос зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэл төлнө.
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон бүх шатны улс төрийн сонгуулийн хэсэг, хороодод ажиллахаар томилогдсон иргэн тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалд албан журмаар даатгуулах үүрэгтэй.

Б.   Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээр санхүүгийн тодорхой хэрэгслүүдэд хөрөнгө оруулах асуудлыг хуульчлав

      Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл буюу “нийгмийн даатгалын сан тус бүрийн жилийн эцсийн үлдэгдлээс 2 сарын хугацааны тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал болон ажил олгогчид үзүүлэх шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд зарцуулах хөрөнгийн хэмжээг хасаж тооцсон үлдэгдэл мөнгөн хөрөнгийг” дараах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах байдлаар удирдах зохицуулалтыг хуулийн шинэчилсэн найруулгад тусгажээ[20]. Үүнд:

  • Засгийн газрын үнэт цаас[21];
  • Монголбанкны үнэт цаас[22];
  • Төрийн сангийн нэгдсэн дансанд[23] байршуулах мөнгөн хадгаламж; болон
  • Монголбанкнаас тогтоосон системийн ач холбогдол бүхий арилжааны банкинд[24] байршуулах мөнгөн хадгаламж.

В.   Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах зарим орлогын бүрэлдэхүүнийг нарийвчлан тогтоов

Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхлээгүй эх эсхүл эцэг сайн дураараа даатгуулах бол нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдуулж тооцохоор нарийвчлан зохицуулсан байна. Түүнчлэн, малчин, туслах малчин сайн дураараа даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс сар бүр төлөх бөгөөд улсын төсвөөс хариуцан төлөх хугацаа 5 жилээс ихгүй байна.

Г.   Нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлого, тэтгэвэр, тэтгэмжийн өнөөгийн үнэ цэнийг тооцох аргачлал шинэчлэгдэв

      Нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлсний орлогод үндэслэн шимтгэл, тэтгэвэр, тэтгэмжийн дүнг тогтоохдоо тухайн орлогын өнөөгийн үнэ цэнийг итгэлцүүр хэрэгэлэж тогтооно гэж Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заажээ. Итгэлцүүр хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулах “Итгэлцүүр хэрэглэх журам”-ыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/202 дугаартай тушаалаар баталсан болно[25].

Д.   Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж болох тохиолдлуудыг хязгаарлав

      Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх тохиолдлыг бууруулах зорилгоор зөвхөн дараах тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг зөвшөөрсөн байна[26]. Үүнд:

  • ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан;
  • ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн эсхүл заасан хугацаанд төлөөгүй;
  • сайн дураар даатгуулах гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй;
  • хууль бусаар ажлаас халагдсан тухай шүүхийн шийдвэр гарсан; болон
  • хилс хэргээр мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн тухай шүүхийн шийдвэр гарсан.

Дүгнэлт

Дээрх хуулиудад нэрийн дансны орлогыг үе шаттай мөнгөжүүлж тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд шилжих, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд оруулах, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, тэтгэврийн хэмжээг жил бүр нэмэгдүүлэх зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгаснаар нийгмийн даатгалын сангийн санхүүгийн чадавх сайжирч, цаашид илүү тогтвортой бөгөөд үр нөлөөтэй байх нөхцөлийг бүрдүүлжээ.

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.


[1] https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760148379551 (хуучнаар Нийгмийн даатгалын тухай хууль)

[2] https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760148505951

[3] https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760148705641

[4] https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760148638921

[5] Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1

[6] Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 болон 29.5

[7] Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1

[8] Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйл

[9] Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2

[10] Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1

[11] Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1

[12] Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4

[13] Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 болон 11 дүгээр зүйлийн 11.2

[14] Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1

[15] Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1

[16] Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2

[17] Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.3

[18] Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2

[19] Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2

[20] Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1

[21] Засгийн газрын үнэт цаас гэж Засгийн газраас энэ хуульд заасан зориулалт, журмын дагуу арилжаалсан өрийн бичгийг ойлгоно, Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.19

[22] Монголбанкны үнэт цаас гэж Монголбанкны мөнгөний бодлогын нээлттэй захын хэрэгсэл бөгөөд хямдруулсан хэлбэрээр арилжаалагдаж, тогтоосон хугацааны дараа нэрлэсэн үнээр эргэн төлөгдөх үнэт цаасыг ойлгоно, Төв банкны үнэт цаасны арилжааны журмын 1 дүгээр зүйлийн 1.2.1

[23] Төрийн сангийн нэгдсэн данс гэж Засгийн газрын нэгдсэн зохицуулалт бүхий төсвийн ерөнхий данс болон Монгол Улсын нэгдсэн төсөвт хамаарах бүх төсвийн захирагчийн Монголбанкинд байрших мөнгөн хөрөнгийн харилцах дансыг ойлгоно, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.41

[24] Банкны системд нөлөө бүхий банк гэж банкны хөрөнгө, өр төлбөрийн хэмжээ, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал зэрэг шалгуурыг нэгэн зэрэг баримтлан банкны тогтолцоонд нөлөөтэй гэж Монголбанкнаас тогтоосон банкийг ойлгоно, Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20

[25] https://legalinfo.mn/mn/detail?lawId=17048034103251

[26] Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1