Зөвшөөрлийн тухай Монгол Улсын хууль
2023 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ХҮЧИН ТӨГӨЛДӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Их Хурал 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Зөвшөөрлийн тухай хууль” (“Зөвшөөрлийн хууль”)-ийг баталсан ба тус хууль 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Зөвшөөрлийн хууль батлагдсанаар 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 21 жилийн турш үйлчилж, энэ хугацаанд 80 орчим удаа нэмэлт, өөрчлөлт орсон “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль” (“Тусгай зөвшөөрлийн хууль 2001”) хүчингүй болсон билээ.
Тусгай зөвшөөрлийн хууль 2001-ийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээрх чөлөөтэй эрхэлж болно” гэж зааснаас гадна, 20 чиглэлийн 114 тусгай зөвшөөрөл авахаар хуульчилсан байсан. Гэвч аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх журмыг салбарын хуулиар нарийвчлан тогтоож, Засгийн газрын тогтоол, яам, агентлагийн даргын тушаал, орон нутгийн засаг даргын захирамж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол зэрэг шат шатны байгууллагуудын эрх зүйн актаар зөвшөөрлийн тоог нэмэгдүүлснээр албан бус тоогоор 1,600 гаруй болж нэмэгдсэн байжээ.
Тэгвэл дээрх байдлыг цэгцлэх зорилгоор шинэ Зөвшөөрлийн хуульд зөвшөөрлийг энгийн ба тусгай зөвшөөрөл гэсэн ерөнхий ангиллын хүрээнд 12 чиглэлийн 114 энгийн зөвшөөрөл, 14 чиглэлийн 249 тусгай зөвшөөрөл, нийт 363 зөвшөөрөлтэй байхаар хуульчилсан. Тус хуульд зөвшөөрлийн ангилал, чиглэл, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг тодорхойлж, эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох, сунгах өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүйг хуульчилсан, зөвшөөрөлтэй холбогдох харилцаанд хуульд зааснаас бусад баримт бичиг, төлбөр, хураамж шаардахгүй байх зарчмыг тусгасан зэрэг зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд хийгдсэн нь бизнесийн үйл ажиллагаа эрхлэгчдэд учирдаг төрөл бүрийн хүндрэл, бэрхшээлийг багасгана гэсэн хүлээлт нийгэмд үүсгээд байна.
- Зөвшөөрлийн хуулийн онцлог зохицуулалтуудаас тоймловол:
A. Зөвшөөрлийн төрөл, түүнийг олгох эрх бүхий этгээдийг тодорхойлсон
Монгол Улсад зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны жагсаалт, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг тодорхойлох асуудлыг Зөвшөөрлийн хуулиар зохицуулах ба хувь хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон эсхүл Зөвшөөрлийн хуульд заасан зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болохоос гадна хуульд зааснаас бусад тохиолдолд холбогдох этгээдүүд аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, бүртгэл явуулахыг хориглосон. Энэ хориглолтыг зөрчин хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрөл шинээр бий болгосон, олгосон, эрх шилжүүлсэн этгээд тухайн үйлдлийнхээ үр дагаврыг хариуцна.
Б. Зөвшөөрлийг хоёр ангилсан
Зөвшөөрлийг түүний зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны онцлог, эрсдэлийн түвшнээс хамааруулан энгийн зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл хэмээн хоёр ангилсан. Зөвшөөрлийг ийнхүү ангилахдаа Тусгай зөвшөөрлийн хууль 2001-д ерөнхийлөн нэрлэсэн зарим тусгай зөвшөөрлийг зөвшөөрөл тус бүрээр нь салгаж, зарим тусгай зөвшөөрлийг нэгтгэсэн бол Цөмийн энергийн тухай хууль гэх мэт тусдаа хуулиар зохицуулагддаг байсан тусгай зөвшөөрлүүдийг Зөвшөөрлийн хуульд нэмсэн байна.
Энгийн ба тусгай зөвшөөрлийн жагсаалтыг Зөвшөөрлийн хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлүүдэд тусгасан бөгөөд эдгээр жагсаалтад өөрчлөлт оруулж, шинээр зөвшөөрөл нэмэх эсхүл хасах санал, дүгнэлтийг Ерөнхий сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөл гаргаж, шаардлагатай бол тусгай мэргэшил шаардагдах асуудлаар туслалцаа үзүүлэх шинжээч, мэргэжилтнийг татан оролцуулахаар зохицуулсан.
В. Зарим үйл ажиллагааг энгийн зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх боломж бүрдсэн
Өмнө Тусгай зөвшөөрлийн хууль 2001-д заасны дагуу тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг байсан 10-аад үйл ажиллагааг Зөвшөөрлийн хуулийн дагуу энгийн зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх боломжтой болсон байна. (Жишээлбэл: дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл, эх олдворыг сэргээн засварлах, сурталчлах зорилгоор улсын хилээр нэвтрүүлэх, тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх гэх мэт)
Г. Зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим сан бий болгоно
Зөвшөөрлийн хуульд заасан зөвшөөрлийн олголт, бүртгэл, зөвшөөрөлтэй холбоотой төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн ил тод байдлыг хангах, зөвшөөрөл эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байхаар хуульчилсан нь Зөвшөөрлийн хуульд тусгагдсан зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт болсон. Энэ санг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцан ажиллана.
Д. Зөвшөөрлийн хугацаа
Тусгай зөвшөөрлийн хууль 2001-д тусгай зөвшөөрөл олгох хугацааг хуульд өөрөөр заагаагүй бол гурван жилээс доошгүй байхаар заасан байсан бол Зөвшөөрлийн хуульд энэ хугацааг хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгох, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаас бусад зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд хугацаагүй олгохоор заажээ.
Харин хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхлэх нэмэлт үйл ажиллагааны хугацаа тусгай зөвшөөрлийн хугацаатай адил байна. Холбогдох хуульд заасан нөхцөл, шаардлагуудыг хангаж буй зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацааг анх олгосон хугацаагаар эсхүл энэ хугацааг хоёр дахин нэмэгдүүлж сунгуулах боломжтой болсон.
Е. Эрх бүхий этгээд хуулийн хугацаанд хариу өгөөгүй бол зөвшөөрөл олгогдсон, эсхүл зөвшөөрлийн хугацаа сунгагдсанд тооцно
Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн, зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн, зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд эсхүл зөвшөөрлийн хугацаа анх олгосон хугацаагаар сунгагдсанд тооцохоор хуульчилсан. Энэ нь эрх бүхий этгээдүүд зөвшөөрөл олгох, хугацаа сунгахдаа тодорхойгүй байдал, хүнд суртал үүсгэдгээс иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдгийг бууруулах зорилготой.
Ё. Зөвшөөрөл олгохоос татгалзсан, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд өргөдөл гаргагч тодорхой хугацаанд тухайн зөвшөөрлийг авах өргөдөл дахин гаргах эрхгүй
Зөвшөөрлийн хуулийн 5.2 дугаар зүйлийн 11 дэх хэсэг, 6.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар эрх бүхий этгээд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан эсхүл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн зөвшөөрөл хүсэгч уг чиглэлээр зургаан сарын хугацаанд дахин зөвшөөрөл хүсэх боломжгүй болсон байх бөгөөд энэ хязгаарлалтыг анхаарах нь зүйтэй.
Ж. Зарим зөвшөөрлийг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгоно
Тусгай зөвшөөрлийн хууль 2001-д эрх бүхий байгууллага шаардлагатай гэж үзвэл сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгож болохыг заасан байсан бол Зөвшөөрлийн хуульд зарим тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаа, эсхүл сонгон шалгаруулалтын журмаар олгохыг журамлаж, энэ харилцааг тухайлсан хуулиар нарийвчлан зохицуулахыг хуульчилжээ. Ийнхүү дуудлага худалдааны журмаар зөвшөөрөл олгох боломж Зөвшөөрлийн хуульд шинээр орж ирснээс гадна дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгогдох зөвшөөрлүүдийг Зөвшөөрлийн хуулийн 5.6 дугаар зүйлд тодорхойлжээ.
З. Татвар төлөлтийн байдлаас үүдэн зөвшөөрөл түдгэлзүүлэхгүй
Өмнө мөрдөгдөж байсан хуулиар тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх үндэслэлүүдийн нэг нь татварын өрөө төлөхгүй ба хоёр ба түүнээс дээш удаа үүнийг төлөхөөс зайлсхийсэн, зугтсан тохиолдолд татварын албаны хүсэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгосон этгээд тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх боломжтой байсан зохицуулалтыг халсан.
И. Зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэл нэмэгдсэн
Зөвшөөрлийн хуульд зөвшөөрөл хүчингүй болгох дараах үндэслэлүүдийг шинээр нэмж тусгасан. Үүнд:
а) зөвшөөрөл эзэмшигч нийтийн эрх ашиг, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлсэн, их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;
б) зөвшөөрөл, түүнийг баталгаажуулсан баримт бичгийг хуульд зааснаас бусад тохиолдолд худалдсан, бэлэглэсэн, барьцаалсан болон бусад хэлбэрээр шилжүүлсэн зэрэг хамаарна.
Й. Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосны үр дагаврыг хуульд тусгасан
Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд тухайн зөвшөөрлийг үндэслэн байгуулсан зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаатай холбогдох гэрээний үйлчлэлийг зогсоох боломжийг хуульчилсан бол зөвшөөрлийг хүчингүй болгосон нь түүний дагуу эрхлэх үйл ажиллагаатай холбогдуулан байгуулсан гэрээг цуцлах үндэслэл болж, үүний улмаас бусдад учирсан хохирлыг зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд нөхөн төлөхөөр хуульчилсан.
Харин зөвшөөрлийг хууль бусаар олгосны улмаас бусдад учирсан хохирлыг буруутай этгээд төлөх бөгөөд төрийн албан тушаалтан үүрэгт ажлаа зөвшөөрөл олгох журмын дагуу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс бусдад гэм хор учруулсан бол тухайн этгээд уг гэм хорыг арилгана.
- Зөвшөөрлийн хуулийн онцлох нэмэлт, өөрчлөлтүүд
Монгол Улсын Засгийн Газраас Зөвшөөрлийн хуульд нийцүүлэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон холбогдох хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Монгол Улсын Их Хурал тэдгээрийг 2023 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр баталжээ. Зөвшөөрлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль (“Нэмэлт, өөрчлөлтийн хууль”) дээрх хуулийн дагалдах хууль болон батлагдсан ба 2023 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр батлагдсан эдгээр хуулиуд Төрийн мэдээлэл эмхэтгэлд хараахан нийтлэгдээгүй байна. Дэлгэрэнгүйг дараах холбоосоос үзнэ үү. file:///C:/Users/user/Downloads/23-eh-030.pdf
А. Зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэл нэмэгдсэн
Зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэлд “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.6-д заасан хугацаанд улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй” гэх үндэслэл нэмэгдсэн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд мөн нэмэлт, өөрчлөлт орж, 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсэгт “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 болон 8.2-т заасан зөвшөөрөлд хамаарах улсын тэмдэгтийн хураамжийг зөвшөөрөл олгох болон сунгах тухай шийдвэр гарсныг мэдэгдсэнээс хойш ажлын 3 өдөрт багтаан төлнө” гэсэн шинэ шаардлага нэмэгджээ.
Б. Зөвшөөрлийн жагсаалтад өөрчлөлт орсон
Зөвшөөрлийн хуулийн 8.1 дүгээр зүйл дэх тусгай зөвшөөрлийн жагсаалтад дараах байдлаар өөрчлөлт орсон. Үүнд:
1. Тусгай зөвшөөрлийн жагсаалтад нэмэгдэх тусгай зөвшөөрлүүд болон тэдгээрийг олгох эрх бүхий этгээдүүд:
8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг | |
1.30.ойгоос мод бэлтгэх эрх | Ойн анги эсхүл сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан |
1.31.газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх | Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
2. Тусгай зөвшөөрлийн жагсаалт дахь биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх шаардлага бүхий заалтыг Нэмэлт, өөрчлөлтийн хуулиар хүчингүй болгосон ба энэ нь иргэн, хуулийн этгээд биологийн идэвхт бүтээгдэхүүн буюу витамин гэх мэт бүтээгдэхүүн импортлох, бусад холбогдох үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх боломж бүрдүүлэх ач холбогдолтой. Үүнээс гадна зарим тусгай зөвшөөрлийн зарим хэсгийг хассан. Жишээлбэл Зөвшөөрлийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.3 дугаар заалт дахь “олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль, ерөнхий боловсролын лаборатори сургууль байгуулах” гэснээс “ерөнхий боловсролын лаборатори сургууль” хэсгийг хассан байна. Түүнчлэн тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий зарим этгээдийг өөр этгээдээр сольсон гэх мэт өөрчлөлтүүд энэ хуульд багагүй хийгджээ.
Нэмэлт, өөрчлөлтийн хуулийн дагуу Зөвшөөрлийн хуулийн 8.2 дугаар зүйлд заасан энгийн зөвшөөрлийн жагсаалтад дараах байдлаар өөрчлөлт орсон. Үүнд:
1. Энгийн зөвшөөрлийн жагсаалтад нэмэгдсэн энгийн зөвшөөрлүүд болон тэдгээрийг олгох эрх бүхий этгээдүүд:
8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг | |
1.16.генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх | Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
8.2 дугаар зүйлийн 10 дахь хэсэг | |
10.13.нийтийн эзэмшил гудамж, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх зорилгоор талбай ашиглах | Тухайн аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга |
10.14.тогтоосон агаарын хаалганаас гадуур нэвтрэх агаарын хөлөгт зөвшөөрөл олгох | Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага |
10.15.хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх | Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, эсхүл Хил хамгаалах ерөнхий газар |
2. Зарим үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаанаас хассанаас гадна энгийн зөвшөөрлийн жагсаалт дахь зарим зөвшөөрөлд хамаарах хэсгийг өөрчлөн найруулсан байна.
3. Дүгнэлт
Зөвшөөрлийн хууль 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ. Тус хууль зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны жагсаалт, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдүүдийг тодорхойлсноос гадна зөвшөөрөл шинээр бий болгох, зөвшөөрөл олгох, хугацаа сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох зэрэг харилцааг зохицуулсан гол хууль болон батлагджээ. Зөвшөөрлийн хуульд зарчмын шинжтэй хэд хэдэн томоохон өөрчлөлт тусгагдсан бөгөөд бизнесийн үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаа, эрх ашгийг хамгаалсан, эрх бүхий этгээдүүдийн зөвшөөрөлтэй холбоотой тодорхойгүй байдал, хүнд суртлыг бууруулахад чиглэсэн зохицуулалтуудтай холбоотой хүлээлт нийгэмд үүсээд байна. Хууль санаачлагчид болон бусад албаны хүмүүс Зөвшөөрлийн хууль хэрэгжсэнээр бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзэж буй юм.
Уг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө түүнд нэмэлт, өөрчлөлт орж эхэлсэн, нэг хуульд бүх зөвшөөрлийн жагсаалтыг багтаасан, өргөн хүрээний харилцаа зохицуулж буй болон бусад шалтгаануудын улмаас энэ хуульд цаашид ч ойрхон давтамжтай нэмэлт, өөрчлөлт орох хандлага ажиглагдаж байна. Иймд иргэн, хуулийн этгээд, зөвшөөрөл эзэмшигчид Зөвшөөрлийн хууль болон холбогдох хууль тогтоомжид орох өөрчлөлтийн талаарх мэдээллийг цаг тухайд авч байх нь зүйтэй.
Дээрх мэдээлэлтэй холбоотой асууж, тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдоно уу.