Валютын ханшийн хэлбэлзлийн эрсдэлийг буруулах нь
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл холбогдоно уу.
Хуульч
t.suvd@dplaw.mn
- Валютын ханшийн хэлбэлзлийн эрсдэл үүсдэг түгээмэл хэлцлүүд, тэдгээрээс үүдэн гарч буй тулгамдсан асуудлууд
Богино болон урт хугацаанд валютын ханшинд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд ханшийн өндөр хэлбэлзэл нь ханшийн эрсдэлийг бий болгодог. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл КОВИД-19 цар тахлын үед экспорт болон импортын эргэлт багасаж, валютын урсгал саарсан нь валютын ханшинд сөргөөр нөлөөлж байна. Жишээлбэл, 2019 оны 1-р сарын 1-нд 1 ам.доллартай харьцах төгргөгийн ханш 2,643.69 төгрөг, 2020 оны 1-р сарын 1-нд 2,734,33 төгрөг байсан бол одоо 2022 оны 2-р сарын байдлаар 2,859.20 төгрөг болтлоо өссөн. Эдгээр хүчин зүйлсээс үүдэн гадаад валютаар илэрхийлэгдсэн бүх зээл болон бусад гэрээ хэлцлүүдийн үүргийн гүйцэтгэл анх гэрээ байгуулж байсан үеийн ханштай харьцуулбал нилээдгүй өссөн нь төлбөрийн үүрэг гүйцэтгэхэд хүндрэл үүсгэж байгааг бид анзаарч байна.
- Валютын ханшийн хэлбэлзлийн эрсдэл нь эдийн засгийн төдийгүй хууль зүйн эрсдэл болох нь
Гэрээний эрх зүйн асуудал
Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэнэ[1] гэж заасан. Харин уг шаардлагад үл хамаарах нөхцөл нь банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болох[2] тохиолдлууд юм. Үүнээс харвал гадаад зээл, гадаад худалдаа наймаа зэрэг нь гадаад валютаар илэрхийлэгдэж, гүйцэтгэх боломжтой байна. Эдгээр хэлцлүүд нь хамгийн багадаа л 1-3 жилийн хугацаатай байгуулагдсан байдаг.
Мөн төр, хувийн хэвшлийн санхүүжилт, худалдах, худалдан авах ажиллагаа гадаад валютаар, тэр дундаа ам.доллар, евро, юань зэргээр илэрхийлэгдэх нь элбэг байдаг. Эдгээр гадаад валютаар илэрхийлэгдсэн зээл, худалдаа наймаа зэрэг нь валютын ханшийн хэлбэлзлийн үед аль нэг талдаа заавал эрсдэлийг дагуулж байдаг. Төгрөгийн валюттай харьцах ханш өсвөл төлбөрийн үүрэг гүйцэтгэгч талдаа алдагдалтай байх жишээтэй.
Энэ нь төлбөрийн үүрэг гүйцэтгэхэд хүндрэл учруулах, цаашлаад үүрэг гүйцэтгэх боломжгүй болох зэрэг үр дагаварт хүргэдэг. Мөн гадаад валютын төгрөгтэй харьцах ханш өсөх нь гадаад валютыг төгрөгт шилжүүлсний дараах зээлийн үндсэн үнийн дүнг өсгөхөд хүргэдэг ба цаашлаад энэ нь тодорхой босго давбал нэмэлт барьцаа хөрөнгө шаардах эрхийг зээлдүүлэгч талд үүсгэж болзошгүй. Хэрэв зээлдэгч тал ханшийн хэлбэлзлээс үүдэн өссөн зээлийн үнийн дүнд тохируулж нэмэлт барьцаа хөрөнгө гаргахгүй бол энэ нь зээлийн гэрээний зөрчил, бүр цаашлаад зээлийн гэрээг цуцлах ч үндэслэл болж болзошгүй юм.
Шүүх болон арбитрын маргаан
Валютын ханшийн хэлбэлзлээс үүдэн гарах гэрээний маргаан арбитр эсхүл шүүхэд очвол талууд өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ?
Нэг тал нь гадаадын хуулийн этгээд байх тохиолдолд арбитраар маргаанаа шийдвэрлүүлэхээр заасан арбитрын хэлэлцээртэй гэрээнүүд элбэг байдаг. Олон улсын арбитрын шийдвэр нь талуудын хэлцэлд харилцан тохиролцсон валютаар үнийн дүнг илэрхийлэх тохиолдлууд байдаг. Гэхдээ Монгол Улсын Арбитрын тухай хууль болон Монголын Олон Улсын болон Үндэсний Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрэмд энэ талаар нарийн зохицуулаагүй байна.
Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар Монгол Улсын шүүх нь Америкийн Нэгдсэн Улстай төстэй “home-currency rule” зарчим буюу шүүхийн шийдвэр нь дотоодын мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдэх ёстой байдаг. Үүнтэй холбоотойгоор гадаад валютаар илэрхийлсэн арбитрын шийдвэрийг Монгол Улсын шүүх хэрхэн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж гүйцэтгэх мөн Монгол Улсын шүүх ханшийн хэлбэлзлийн үед гадаад мөнгөн тэмдэгтээр илэрхийлсэн гэрээ хэлцлийн маргааныг шийдвэрлэхдээ гэрээний аль нэг талд ханшийн хэлбэлзлээс үүдэн гарах алдагдлыг хэрхэн тэнцвэржүүлж, талуудад хохиролгүйгээр маргааныг шийдвэрлэх вэ гэсэн асуудлууд тулгардаг.
- Валютын ханшийн хэлбэлзлийн эрсдэлийг зохицуулж буй хандлага (дотоод, гадаад)
Дотоод зах зээлийн хандлага
Валютын зах зээлд оролцогчдыг ханшийн эрсдэлээс хамгаалахын тулд санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг ашиглах нь түгээмэл байдаг. Үүнд “своп хэлцэл” буюу тухайн өдрийн ханшаар валют худалдан авч (худалдаж) ирээдүйн тохиролцсон ханшаар эргүүлэн худалдах (худалдан авах) хэлцэл мөн “форвард хэлцэл” буюу талуудын хэлцлийн дагуу валютыг өнөөдөр тохирсон үнээр тодорхой хугацааны дараа худалдах, худалдан авах үйл ажиллагааг хэлнэ.[3] Мөн валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэлд опцион гэрээ хамаардаг ба энэ нь уг гэрээг худалдан авагч гэрээний хугацаа дуусахад гэрээг гаргасан этгээдээс гадаад валютыг зах зээлийн ханшаас үл хамааран гэрээнд заасан ханшаар, заасан тоо хэмжээгээр худалдан авах, эсвэл худалдахыг шаардах эрхийг хэлдэг.[4] Монголбанкны зүгээс аж ахуйн нэгж болон банк хооронд дээрх санхүүгийн үүсмэл хэрэгслийг мөнгөний ханш унасан үед хэрэглэхийг зөвлөдөг[5].
Үүний тод жишээ нь Монгол Улсын Хөгжлийн Банк ханшийн эрсдэлээ удирдах, ирээдүйд учирч болох алдагдлаас урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд Монголбанк, АНУ-ын JP Morgan Chase банк, Францын Société Générale олон улсын хөрөнгө оруулалтын банктай своп хэлцлүүд байгуулж ажилласан явдал юм[6].
Дотоодын хууль тогтоомжийн хүрээнд дээрх асуудлуудыг хэрхэн зохицуулсан байдал
Төв банкны тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл зэрэгт валютын ханшийн тогтвортой байдлыг Монголбанк бодлогын түвшинд хангахаар заасан байдаг бол Монгол Улсын хууль тогтоомжийн хувьд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг хуулиудаар дээр дурьдсан асуудлыг зохицуулсан зарим зохицуулалтууд байдаг. Хэрэв эдгээр хуулийн шаардлагыг зөрчсөн бол захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээх хуультай.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулиар валюттай холбоотой зарим зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд торгох шийтгэл ногдуулахаар заасан.[7] Харин Эрүүгийн хуулийн 18.2.1-т зааснаар “валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг зохиомлоор өсгөх, бууруулах зорилгоор худал мэдээлэл тараасан, мөнгөн тэмдэгт, валют худалдсан, худалдан авсан, гүйлгээ хийсэн бол” торгох, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих хүртэл ял шийтгэхээр байна.
Гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэх гэрээний үүргийн хувьд гардаг хамгийн том хүндрэл нь дээр дурьдсан валютын ханшийн хэлбэлзэл бөгөөд үүнээс үүдэн аль өдрийн ханшаар валютыг хөрвүүлэхийг тогтоох мөн үүнээс үүдэн гарах алдагдлыг аль тал хэрхэн хариуцах асуудал юм. Иргэний хуулийн 218 дугаар зүйлд зааснаар төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө. Харин мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдсөн бол мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцож төлбөрийг төлөх буюу гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцно гэж заасан байна.
Харин шүүхээр шийдэгдсэн маргааны хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо гадаад валютын ханшийг “тухайн үеийн” Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно. “Тухайн үе” гэдгийг тайлбарласан тайлбар байхгүй ч сүүлийн үеийн шүүхийн шийдвэрүүдийг харвал “тухайн үе” гэдэгт нэхэмжлэл гаргах өдрийн Монголбанкны албан ёсны гадаад валютын ханшаар тодорхойлсон тохиолдлууд их байна.
Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргааныг шийдвэрлэсэн шийдвэрийг[8] судалвал 2011 оны 11 дүгээр сард буюу зээл авах үед ам.долларын ханш 1,327 төгрөг байсан ба харин нэхэмжлэл гаргах үед 2,733.25 төгрөг болж өссөн нь зээлдэгч тал болох хариуцагчид хохиролтой нөхцөл байдлыг үүсгэсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш нийт есөн жилийн хугацаанд ам.долларын төгрөгтэй харьцах ханш хоёр дахин өссөн нь ам.долларын зээлийн эргэн төлөлтийг мөн хоёр дахин өсгөхөд хүргэсэн. Гэвч шүүхээс зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн талд шийдвэрлэж зээлийн гэрээг цуцлан, ам.доллараар илэрхийлсэн үндсэн зээлийн үлдэгдэл, үүн дээр нэмээд хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн үүргийг нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцож хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Бусад шүүхийн шийдвэрүүдийг судалвал, ханшийн зөрүүнээс үүсэх алдагдлыг хохиролд тооцон нэхэмжилсэн хэсгийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон тохиолдлууд их байна.[9] Харин ханшийн зөрүүг хохиролд тооцож олгох цөөхөн хэдэн тохиолдлуудын нэг нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзан, өгсөн авснаа буцаах үед нөгөө тал гэрээний үүргээ ам.доллараар өмнө нь төлсөн тохиолдолд тухайн төлсөн төлбөрийг буцаан олгоход нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцож олгох ба энэ тохиолдолд ам.долларын төгрөгтэй харьцах ханш өссөн тохиолдолд тухайн ханшийн зөрүүг хохиролд тооцох нь зүйтэй хэмээн шүүхээс үзсэн байна.[10]
Гадаад орнуудын туршлага
Зарим улс орнуудын валютын хэлбэлзлийн үед авч хэрэгжүүлсэн туршлагаас дурдвал гадаад валютаар илэрхийлэгдсэн зээлийг түр хугацаанд түдгэлзүүлэх, гадаад валютаар илэрхийлэгдсэн зээлүүдийг үндэсний мөнгөн тэмдэгтрүү хөрвүүлэх, гэрээний үүргийн хувьд валютын ханшийг тодорхой хугацаанд царцаах, зээлийн гэрээний төлбөрийн үүргийг гадаад валютаар илэрхийлсэн заалтыг хүчингүй болгох гэх мэт авсан арга хэмжээнүүд байдаг.[11]
2015 онд Швейцарь франкын евротой харьцах ханш 20 хүртэл хувиар өссөн нь зээлдэгчдэд маш хүнд цохилт болсон бөгөөд зээлдэгчид нь гадаад валютаар авсан зээлээ эргэн төлөхдөө хамаагүй их евро зарцуулах шаардлагатай болсон. Энэ үед Европын холбооны шүүх уг гадаад валютаар илэрхийлсэн төлбөрийн үүрэг мөн түүнийг хөрвүүлэх ханшийн талаар зохицуулсан гэрээний заалтын хүчин төгөлдөр эсэхийг авч хэлэлцэн, хэтэрхий нэг талдаа ашигтай заалт гэж үзвэл тухайн заалтыг хүчингүй болгож хуульд заасан зохицуулалтыг орлуулан хэрэглэх шийдэлд хүрч байсан байна.[12]
АНУ-ын шүүхийн практикт хэрэглэгддэг “home-currency rule” болон “foreign currency judgment” зарчмууд[13]
Америкийн Нэгдсэн Улсад шүүхийн шийдвэр нь “home-currency rule” буюу бүх шүүхийн шийдвэр нь дотоодын мөнгөн тэмдэгт болох ам.долллараар илэрхийлэгдэх ёстой гэх шүүхийн жишиг дангаараа үйлчилж байв. “Home-currency rule” зарчмыг хэрэглэхдээ дотоод валютаар илэрхийлсэн үнийн дүнг гадаад валютруу хөрвүүлэх ханшийг хэрхэн тогтоох талаар шийдвэртээ тусгах шаардлагатай байдаг. Гурван гол хэрэглэгддэг ханш хөрвүүлэх аргуудад (а) үүргийн зөрчил гарсан үе буюу төлбөрийг шаардах эрх үүссэн өдөр; (б) шүүхийн шийдвэр гарсан өдөр; эсхүл (в) төлбөр хийгдэх өдрийн ханшаар тодорхойлох аргууд багтдаг байна. Үүргийн зөрчил гаргаагүй талын эрх ашгийг бүрэн хамгаалах үүднээс валютын ханшийн хэлбэлзлийг харгалзан дээрх гурван аргаас нэгийг нь сонгодог. Жишээлбэл, гадаад валютын ханш буурвал, “а” хувилбар буюу үүргийн зөрчил гарсан үеийн ханшаар, харин гадаад валютын ханш өсвөл “б” эсхүл “в” хувилбар буюу шүүхийн шийдвэр гарсан өдөр эсхүл төлбөр хийгдэх өдрийн ханшаар тухайн шүүхийн шийдвэрт туссан үнийн дүнг хөрвүүлэхээр сонгож болно.
Харин Америкийн Нэгдсэн Улсын шүүх улс дамнасан эрх зүйн маргааныг илүү оновчтой шийдвэрлэх үүднээс дээрх “home-currency rule” буюу бүх шүүхийн шийдвэр нь дотоодын мөнгөн тэмдэгт болох ам.доллараар илэрхийлэгдэх ёстой гэх шүүхийн жишгийг өөрчлөн “foreign currency judgment” буюу шүүхийн шийдвэрт үнийн дүнг хэлцэлд заасан гадаад валютаар илэрхийлэх жишгийг нэвтрүүлснээр дан ганц “home-currency rule” зарчмыг бүх шүүхүүд баримтлахаа больж Америкийн Нэгдсэн Улсын зарим мужийн шүүхүүд уг шинэ жишгийг баримтлах болсон. “Foreign currency judgment” гэх зарчмын хувьд төлбөр хийгдэх өдрийн ханшийн аргыг баримталдаг ба энэ арга нь үүргийн зөрчил гаргаагүй тал буюу нэхэмжлэгч талд учрах эрсдэлийг бууруулдаг мөн талуудын хэлцэлд заасан гадаад валютаар шүүхийн шийдвэр гардаг бөгөөд харин талууд өөрсдөө валютын хэлбэлзлийн эрсдэлийг хариуцна. Энэхүү зарчим нь Англи болон олон Европын орнуудад төсөөтэй хэрэглэгддэг зарчим юм.
Өөр нэг онол бол шүүхийн шийдвэрт үнийн дүнг үүргийн гүйцэтгэлийг шаардаж болох валютаар илэрхийлэх бөгөөд ингэхдээ шүүхийн шийдвэр гарснаас бодит төлбөр хийгдэх хүртэлх хугацаанд валютын ханшийн хэлбэлзлээс болоод нэхэмжлэгч буюу хохирогч талд алдагдал учирвал шүүхээс уг алдагдлыг тусад нь хохирсон талд нөхөн төлүүлж болдог байна.
Олон улсын арбитрын шийдвэрийг гүйцэтгэх
Гадаад валютаар илэрхийлэгдсэн арбитрын шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж гүйцэтгүүлэхээр дотоодын шүүхэд хүсэлт гаргадаг ба тухайн тохиолдолд шүүх мөн л тухайн гадаад валютаар илэрхийлсэн арбитрын шийдвэрийг дотооддоо хэрхэн хэрэгжүүлэх дээр асуудал үүсдэг. Америкийн Нэгдсэн Улсын хувьд “foreign money judgment” зарчмын хүрээнд олон улсын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэхдээ тухайн гадаад валютаар илэрхийлсэн арбитрын шийдвэрийг дотоод валютруу хөрвүүлэхгүйгээр тухайн гадаад валютаар нь гүйцэтгэх жишиг байдаг. Гэхдээ энэхүү зарчмыг зөвхөн төлбөрийн үүрэг хүлээн авагч хүсэлт гаргасан бөгөөд хохирсон талын эрх ашгийг бүрэн хамгаална гэж үзсэн тохиолдолд ашигладаг байна.
Харин Оросын Холбооны Улсад бол арбитрын шийдвэрийг баталгаажуулж гүйцэтгэх шүүхийн шийдвэр нь дотоод мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгддэг. Жишээ нь, 2014 оны Joy Lud Distributors International Inc. болон Moscow Oil Refinery нарын хоорондын дизель түлш нийлүүлэх гэрээний маргааныг шийдвэрлэсэн Стокгольм дахь түр арбитрын шийдвэрт үнийн дүнг хэлцэлд заасан ам.доллараар илэрхийлсэн бөгөөд уг арбитрын шийдвэрийг Оросын шүүхэд хандан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан. Оросын Холбооны Улсын хууль тогтоомжийн дагуу, арбитрын шийдвэрт заасан валютаар төлөх ёстой үнийн дүнг зээлдэгч нь өөрийн зардлаар валютын ханш хичнээн их өссөн буурсанаас үл хамааран шаардагдах үнийн дүнг тухайн гадаад валютруу хөрвүүлэх зардлыг бүрэн хариуцна. Иймээс зээлдэгч нь тухайн арбитрын шийдвэрт заасан ам.доллартай тэнцэх үнийн дүн бүхий рублийг шийдвэр гүйцэтгэх ажилтанд шилжүүлэх үүрэгтэй. Харин шийдвэр гүйцэтгэх ажилтан уг төлбөрийг авснаас хойш зээлдүүлэгчид тухайн төлбөрийг шилжүүлэх хүртлэх хугацаанд валютын ханш өссөн буурсан эрсдэлийг шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцах зохицуулалттай байна.[14]
- Валютын ханшийн хэлбэлзлийн эрсдэлээс хамгаалах, зохицуулах тухай зөвлөмж
Валютын ханшийн хэлбэлзлийн үед эрсдэлийг хуваарилах, буруулах, нэг талд хэт их дарамт үүсгэхгүй байх хамгийн оновчтой зохицуулалт бол гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд энэхүү эрсдэлийг урьдчилан тооцоолж гэрээндээ нарийвчлан тусгах явдал юм. Гэрээний онцлог, зохицуулах харилцааны төрөл зэргээс хамаараад тухайн гэрээнд дараах заалтуудаас сонгон оруулснаар ханшийн хэлбэлзлээс үүдэн гэрээний талуудад үүсэх эрсдэл, алдагдлыг бууруулах болон хуваарилах боломжтой. Үүнд:
- Холбогдох гэрээ хэлцэлд төлбөрийг буцаан төлөх нөхцөл болон гадаад валютын хөрвөх ханшийг нарийн тодорхой зааж өгөх шаардлагатай. Энэ нь урт хугацаат гэрээнд нэн чухал зохицуулалт юм. Хэрэв тийм заалт байгаа бол анхаарах ёстой зүйл нь стандарт нөхцөлтэй гэрээний хувьд, жишээлбэл банктай байгуулсан зээлийн гэрээ, валютын хөрвүүлэх ханшийг тодорхойлсон заалтыг шүүх хэт нэг талыг баримталсан хэмээн үзэж, тухайн заалтыг хүчин төгөлдөр бусад тооцох[15] магадлалтай учир аль аль талдаа ашигтай байдлаар талууд тохиролцох нь зүйтэй.
- Даатгал эсхүл hedge fund буюу эрсдэлийн сантай байх нь тодорхой төрлийн валют ашигласан хэлцлийн хувьд тухайн валютын ханшийн хэлбэлзлээс үүсэх ирээдүйн эрсдэлийг талуудын хувьд хаах зорилготой юм.[16] Энэ зохицуулалт нь маш их үнийн дүнтэй хөрөнгө оруулалт дээр ихэвчлэн яригддаг бөгөөд өндөр зардал гардаг сул талтай.[17]
- Risk bearing provision эсхүл shared risk provision буюу валютын ханшийн хэлбэлзлийн эрсдэлийг аль нэг тал бүрэн хариуцах эсхүл талууд тухайн эрсдэлийг хуваан хариуцах талаар заасан талуудын гэрээний тохиролцоо юм.[18] Энэхүү зохицуулалт нь худалдах худалдан авах гэрээнд илүү хэрэглэгддэг бөгөөд талууд чөлөөтэй эрсдэлээ хуваарилах боломжтой байдаг.
- Аль өдрийн ханш гэж заахаас илүүтэйгээр валютын хөрвөх ханшийг тодорхой зааж өгөх гэрээний зохицуулалт юм.[19]
- Давагдашгүй хүчин зүйл буюу Force Majeure-н заалтанд валютын ханшийн хэлбэлзлийн тохиолдлыг тусгах боломжтой юм. Учир нь Монгол Улсын хууль тогтоомжид давагдашгүй хүчин зүйлд хамаарах тохиолдлуудыг нарийвчлан зааж өгөөгүй учир гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд харилцан тохиролцох боломжтой. Гэхдээ энэ тохиолдолд валютын ханшийн хэлбэлзэл нь урьдчилан таамаглах боломжгүй байсан гэдгийг нотлоход хүндрэлтэй учир энэ аргыг хамгийн сайн хамгаалалт гэж үзэхэд хэцүү.[20] Мөн МҮХАҮТ-ын Даргын 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/12а дугаар тушаалын хавсралтаар баталсан Force Majeure/Гэнэтийн буюу Давагдашгүй хүчин зүйл/ болон Hardship/Хүнд нөхцөл байдал/-ыг гэрчлэх журмын 1.2.1-т заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн тохиолдлууд дунд эдийн засгийн шинжтэй тохиолдлыг оруулаагүй байгаагаас харвал ханшийн хэлбэлзлээс үүдэн гарах эдийн засгийн хүндрэл нь Force Majeure-д хамаарахгүй байх магадлалтайг анхаарна уу.
- Хүндэтгэн үзэх шалтгаан буюу Hardship Clause-н заалтанд валютын ханшийн хэлбэлзлийн тохиолдлыг тусгаснаар талуудын төлбөрийн үүрэг гүйцэтгэх нөхцлийг дахин хоорондоо хэлэлцэх боломжийг талуудад нээж өгдөг.[21] УНИДРУА-гийн Олон улсын арилжааны гэрээний зарчмуудын албан ёсны тайлбарын 6.2.2-д зааснаар валютын ханшийн хэлбэлзэл нь хүндэтгэн үзэх шалтгааны заалтыг хэрэглэж болохуйц нөхцөл байдал мөн юм.[22] МҮХАҮТ-ын Даргын 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/12а дугаар тушаалын хавсралтаар баталсан Force Majeure/Гэнэтийн буюу Давагдашгүй хүчин зүйл/ болон Hardship/Хүнд нөхцөл байдал/-ыг гэрчлэх журмын 1.2.2-т зааснаар “Hardship” буюу хүнд нөхцөл байдал гэдэгт хууль эрх зүй, улс төр, эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас талууд эдийн засаг, санхүү, төлбөрийн чадваргүй болох, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой, алдагдалтай, ашиггүй байх зэргээс болж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болохыг хэлнэ. Үүнээс харвал ханшийн хэлбэлзлийн эрсдэл нь хүнд нөхцөл байдалд тооцогдох магадлалтай.
*** Force Majeure, Hardship-ийн зөвлөл нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, гэрээнд Force Majeure, Hardship-ийн тохиолдлуудыг хэрхэн тусгасан, мөн бусад нотлох баримтуудыг үнэлэж дүгнэн дүгнэлт гаргах ба уг дүгнэлтийг үндэслэн МҮХАҮТ нь Force Majeure, Hardship-ийн гэрчилгээг олгох эсэхийг шийдвэрлэнэ. Force Majeure, Hardship-ийн гэрчилгээ авснаар төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг валютын ханшийн хэлбэлзлийн хугацаанд түр зогсоох эрх үүрэг гүйцэтгэгч талд үүсэх боломжтой болно.
- Валютын ханшийн нөхөн төлбөрийн заалт буюу Currency indemnity clause нь төлбөр төлөх валют болон маргаан шийдвэрлэх харьяаллын заалтуудтай хамт хэрэглэгддэг. Маргаан шийдвэрлэх харьяаллын улсын хуулийн дагуу төлбөр төлөхөөр тохиролцсон валютаар биш харин тухайн харьяаллын улсын дотоод валютаар төлбөр төлөх ёстой байх тохиолдол бий. Валютын ханшийн нөхөн төлбөрийн заалтыг гэрээнд тусгаагүй бол зээлдэгч нь төлбөр төлөхөөр тохиролцсон валютын ханш буурахыг хүлээж, шүүхийн шийдвэрт туссан төлбөрийг төлөхийг хойшлуулах эдийн засгийн ашиг сонирхолтой байх боломжтой. Энэ заалтын дагуу бол хэрэв зээлдүүлэгч валютын ханшийн хэлбэлзлээс үүдэн алдагдал хүлээхэд хүрвэл зээлдэгч тухайн алдагдлыг бүрэн хариуцах зохицуулалт юм.[23] Энэхүү валютын ханшийн нөхөн төлбөрийг зээлдэгч тал төлөхгүй байх нь гэрээний үүргийн зөрчилд ч хүргэж болох үр дагавартай.
- Нэмэгдсэн зардал буюу Increased costs заалт нь эрсдлийг хуваарилахад чиглэсэн бөгөөд нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүдэн, үүнд хууль дүрэм журам өөрчлөгдөхийг оролцуулаад, зээлдэгчийн зүгээс зээл гаргахтай холбоотой зардал өсөх эсхүл зээлийн эргэн төлөлтийн дүн буурахтай холбоотойгоор зээлдүүлэгч талд гарсан нэмэлт зардлыг зээлдэгч тал хариуцах зохицуулалт юм.[24]
- Ноцтой өөрчлөлт буюу Material adverse change-н талаарх заалт нь гэрээ байгуулагдахаас өмнө мэдэх боломжгүй байсан нөхцөл байдал бий болсны улмаас гэрээний үүрэг гүйцэтгэгч талын санхүүгийн нөхцөл байдалд ноцтой сөрөг өөрчлөлт гарсан бол гэрээг цуцлах үр дагаварт хүргэдэг. Ноцтой гэдгийг үүрэг гүйцэтгэгч талын төлбөрийн үүрэг гүйцэтгэх чадамжид нөлөөлөх хэмжээгээр тодорхойлно. Material adverse change заалт нь зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг байдаг.
Харин валютын ханшийн хэлбэлзлээс үүдсэн маргааныг шүүх шийдэхдээ олон улсад дараах хандлагуудыг баримтлах нь бий. Үүнд:
- Pacta sunt servanda гэх ерөнхий зарчмыг шүүх зөрчих ёсгүй гэж үзэх хандлага бий. Үүний хүрээнд шүүх зөвхөн хохирсон талыг хохиролгүй болгож гэрээний хүрээнд л маргааныг шийдвэрлэнэ. Харин энэхүү зарчмыг сохроор дагах нь маш хор уршигтай үр дагаварт хүргэж болзошгүй гэж шүүмжлэх хандлага ч бий.[25]
- Тодорхой нөхцөл хангагдсан бол нөхцөл байдал ноцтой өөрчлөгдсөний улмаас гэрээний нөхцлийг өөрчлөх замаар гэрээний талуудын хэт тэнцвэргүй байдлыг засах эсхүл аль нэг талд үндэслэлгүй хэт их дарамт үүсгэх гэрээний харилцаанаас талуудыг гаргах арга хэмжээ авах нь оновчтой гэж үзэх хандлага бас бий.[26] Энэхүү хандлага нь манай Монгол Улсын Иргэний хуулийн 220 дугаар зүйлд тусгалаа олсон гэж үзэж болох ба энэ нь нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох мөн гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг шаардах эрхийг бий болгох тухай зохицуулалт юм. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн тайлбарт бичсэнээр мөнгөний ханш унах эрсдэл нь зөвхөн ердийн эрсдэлийн хэм хэмжээнээс илэрхий хальсан тохиолдолд гэрээний суурь, үндэс ноцтой өөрчлөгдсөнд тооцож болох ба ингэснээр Иргэний хуулийн 220 дугаар заалтыг ашиглах эрх үүсэх юм.
[1] Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, 4.1 дүгээр заалт;
[2] Id., 4.4 дүгээр заалт;
[3] Монгол Банк. (2012/11/30). Валютын своп, форвард хэлцэл. х. 3;
[4] Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн. (2013/08). Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл;
[5] Id. х. 22;
[6] Монгол Улсын Хөгжлийн Банк. (2020/01/02). Ханшийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо бүрдсэн учир алдагдал хүлээх эрсдэл харьцангуй бага болсон. Эх сурвалж: https://www.dbm.mn/news/616 ;
[7] Зөрчлийн тухай хууль. 11.28 дүгээр заалт;
[8] Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх. Хэргийн дугаар 183/ШШ2020/01000;
[9] Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх. Хэргийн дугаар 101/ШШ2020/01427;
[10] Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх. Хэргийн дугаар 101/ШШ2019/01094;
[11]University of Economics in Bratislava, Slovak Republic. (2020). Empowering actions to achieve global goals: Implications for economics, business, management and related disciplines. EDAMBA 2019;
[12] The RegZone. (2015/08/10). Risks associated with foreign currency loans. Эх сурвалж: https://www.cms-lawnow.com/regzone/articles/ ;
[13] Crystal Beal. (1998). Foreign Currency Judgments: A New Option for United States Courts. University of Pennsylvania Journal of International Law. х. 101-140 (1998). Эх сурвалж: https://scholarship.law.upenn.edu/jil/vol19/iss1/4/ ;
[14] Arbitration Blog. (2016/04/19). The Supreme Court rules on the exchange rates risks allocation in the award enforcement context. Эх сурвалж: http://arbitrationblog.practicallaw.com/ ;
[15] The RegZone. (2015/08/10). Risks associated with foreign currency loans. Эх сурвалж: https://www.cms-lawnow.com/regzone/articles/ ;
[16] Association of Corporate Counsel. (2015/02/13). Contractual limitation of currency risks. Эх сурвалж: https://www.acc.com/resource-library/contractual-limitation-currency-risks ;
[17] Corporate Finance Institute. Hedge Fund Strategies. Эх сурвалж: https://corporatefinanceinstitute.com/resources/knowledge/finance/hedge-fund-strategies/ ;
[18] Association of Corporate Counsel. (2015/02/13). Contractual limitation of currency risks. Эх сурвалж: https://www.acc.com/resource-library/contractual-limitation-currency-risks ;
[19] Id.;
[20] Id.;
[21] Id.;
[22] Alexander Mzhelskiy. (2017/04/07). Legal Remedies Available in Cases Involving Currency Fluctuations: a Comparative Observations From the Laws and Practice of Germany, Russia and the U.S.A. Hungary. Central European University. х.5;
[23] Petri Mantysaari. (2010). The Law of Corporate Finance: General Principles and EU Law (Volume III). х.111;
[24]James Farn at Hadef & Partners LLC. Increased cost clauses in bank facility agreements. Эх сурвалж: http://www.hadefpartners.com/News/113/INCREASED-COST-CLAUSES-IN-BANK-FACILITY-AGREEMENTS ;
[25] Id. х.8;
[26] Id. х. 4-5;