Нэг. Удиртгал

“Биржийн бус зах зээл”-ийн талаарх ойлголт нь 2013 оны Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд тусгагдсан боловч уг зах зээлийг зохицуулах нарийвчилсан дүрэм, журам хараахан батлагдаагүй байв. Харин Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталснаар биржийн бус зах зээлийн арилжаа Монгол Улсад бодитоор явагдах эрх зүйн үндэслэл бүрдсэн билээ.

Биржийн бус зах зээл гэдэг нь үнэт цаасны брокер, дилер, үнэт цаасны итгэмжлэн удирдах, андеррайтер, кастодиан, хөрөнгө оруулалтын сан зэрэг тусгай зөвшөөрөл бүхий этгээд хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн хэрэгслийг харилцан шууд худалдах, худалдан авах замаар явагдаж буй харилцааг ойлгох дараах тохиолдолд хэрэглэгдэнэ. Үүнд:

  • Үнэт цаасыг биржийн бус замаар арилжаалах;
  • Үнэт цаасыг хаалттай хүрээнд, зохих шаардлага хангасан мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгон арилжаалах.

Хоёр. Биржийн бус зах зээлийн гол шинжүүд

Биржийн бус зах зээл нь дараах гол шинжийг агуулдаг. Үүнд:

  • Үнэт цаас нь биржээс гадуур арилжаалагддаг;
  • Зохих шаардлага хангасан худалдагч, худалдан авагч нарын хооронд шууд худалдан авалт хийгддэг;
  • Тусгай шаардлага хангасан арилжааны платформ дээр явагддаг.

Гурав. Биржийн болон биржийн бус зах зээлийн ялгаа

3.1. Биржийн болон биржийн бус зах зээлийн ерөнхий ялгааг доорхи хүснэгтэд үзүүлэв.

Дээрхээс үзвэл биржийн бус зах зээл нь биржийн зах зээлтэй харьцуулахад үнэт цаас гаргах ажиллагааг харьцангуй хялбар байдлаар явуулах бололцоог олгодог бөгөөд үнэт цаас гаргагч болон мэргэжлийн хөрөнгө оруулагч нар харилцан тохиролцож гэрээ байгуулах замаар үнэт цаасны арилжаа явагдана. Өөрөөр хэлбэл үнэт цаас гаргагч нь заавал хөрөнгийн биржээр бүртгүүлэн, түүгээр дамжин нийтэд санал болголгүй  тодорхой худалдан авагчтай шууд гэрээ байгуулдагаараа онцлог.

3.2. Биржийн болон биржийн бус зах зээлийн төлбөр, хураамжийн зохицуулалтын ялгаатай байдлыг доорхи Хүснэгт 2-д үзүүлэв.

Хүснэгт 2

Дээрхээс үзвэл биржийн бус зах зээлийн арилжаанд оролцоход шаардлагатай зардлууд нь биржийн зах зээлтэй харьцуулахад харьцангуй бага байна.

Биржийн бус зах зээлд арилжих үнэт цаас, арилжаанд оролцогчид болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн хэсгээс авна уу.

Дөрөв. Биржийн бус зах зээлийн арилжааны үе шат

Биржийн бус зах зээлийн арилжаа явагдах ерөнхий үе шатыг дээрээс доош гүйсэн доорхи схемд үзүүлэв.

Схем №1

Тав. Биржийн бус зах зээлд гаргах үнэт цаас

Биржийн бус зах зээлд дараах үнэт цааснуудыг гаргаж болно. Үүнд:

  • Засгийн газрын болон компанийн өрийн хэрэгсэл
  • Хувьцаат компанийн хувьцаа
  • Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх
  • Хадгаламжийн бичиг
  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас
  • Үнэт цаас гаргагчаас хөрөнгө оруулагчид санал болгож байгаа тодорхой тооны хувьцаа болон өрийн хэрэгслийг тодорхой хугацааны дотор тохиролцсон үнээр захиалах эрх (варрант)
  • Үүсмэл санхүүгийн хэрэгсэл
  • Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гэж тогтоосон бусад санхүүгийн хэрэгсэл

Биржийн бус зах зээлд арилжаалахаар бүртгүүлэх гэж буй үнэт цаас нь барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, өмчлөх эрхийг шилжүүлэхэд аливаа хязгаарлалтгүй буюу чөлөөтэй шилжих, арилжаалагдах боломжтой байх шаардлагыг хангасан байна. [1]Түүнчлэн аливаа компани нь өөрийн өрийн хэрэгслийг нийтэд санал болгохгүйгээр хаалттай хүрээнд арилжаалахаар гаргах гэж байгаа тохиолдолд заавал биржийн бус зах зээлд арилжаална. [2]

Дээр дурдсан үнэт цаасыг гаргагч нь үнэт цаасаа анх удаа болон нэмж гаргах бол холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн биржийн бус зах зээлийн арилжаанд бүртгүүлэхээр Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны бүртгэлийн хороо (цаашид “Арилжаа эрхлэгчдийн холбоо” гэх)-д хүсэлт гаргана. Бүртгэлийн хороо үнэт цаас гаргагчийн ирүүлсэн баримт бичгүүдийг хянаж, бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

Түүнчлэн, биржийн бус зах зээлд үнэт цаас гаргагч нь өөрийн андеррайтертай нэгдмэл сонирхолтой этгээд[3] байх тохиолдолд хөндлөнгийн хууль зүйн дүгнэлт заавал гаргуулж, үнэт цаасны танилцуулгадаа хавсаргана.

Андеррайтер нь үнэт цаас гаргагчтай хамааралгүй буюу нэгдмэл сонирхолтой бус этгээд байх тохиолдолд хөндлөнгийн хууль зүйн дүгнэлтийг заавал хийлгэх шаардлага байхгүй бөгөөд үнэт цаас гаргагч нь хөндлөнгийн хууль зүйн дүгнэлт хийлгэх эсэхийг өөрийн үзэмжээр шийдвэрлэнэ. 

Зургаа. Биржийн бус зах зээлийн арилжаанд оролцогчид

Биржийн бус зах зээлийн арилжаанд оролцогчдыг шууд оролцогч, шууд бус оролцогч болон гэнэтийн оролцогч гэж ангилна.

6.1. Шууд оролцогч гэдэгт үнэт цаасны брокерийн, үнэт цаасны дилерийн, үнэт цаасны итгэмжлэн удирдах, андеррайтерийн, кастодианы, хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээдүүд хамаарна.

6.2. Шууд бус оролцогч гэдэгт дараах этгээдүүд хамаарна. Үүнд:

  1. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид;
  2. Үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр дамжуулан оролцож байгаа Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн, олон улсын банк, санхүүгийн болон хөгжлийн байгууллагууд;
  3. Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа байгууллагууд, Төв банк, Монгол Улсын Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпораци, Засгийн газрын тусгай сан, Зээлийн батлан даалтын сан, бүх төрлийн даатгалын сан (хууль тогтоомжоор хориглоогүй бол).

6.3. Гэнэтийн оролцогч

Биржийн бус зах зээлийн арилжааны шууд болон шууд бус оролцогчоос гадна гэнэтийн оролцогч[4] биржийн бус арилжаанд оролцож болох бөгөөд гэнэтийн оролцогч нь шууд бус оролцогчид тавигдах шаардлагыг хангасан байна. Гэнэтийн оролцогч нь биржийн бус арилжаанд өөрийн эзэмшиж буй үнэт цаасыг зөвхөн худалдах эсхүл хадгалах эрхтэйгээр оролцдог.

Долоо. Биржийн бус зах зээлийн арилжаанд оролцогчдод тавигдах шаардлага

7.1. Шууд оролцогчид тавигдах шаардлага байхгүй бөгөөд шууд бус оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Биржийн бус зах зээлийн арилжаанд шууд бусаар оролцогч Монгол Улсын иргэн нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Тухайн иргэний сүүлийн 1 жилийн сарын дундаж орлого нь 10 сая төгрөгтэй тэнцүү болон түүнээс дээш хэмжээтэй, эсхүл 500 сая төгрөгөөс дээш хэмжээний цэвэр хөрөнгө /харилцах, хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгө, үнэт цаасны нийлбэр дүнгээс өр төлбөрийг хасах/-тэй байх;
  • Сүүлийн 1 жилийн турш дотоодын болон гадаадын зах зээл дээр үнэт цаасны арилжаанд оролцсон туршлагатай байх.

7.2. Биржийн бус зах зээлийн арилжаанд шууд бусаар оролцогч Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь 2.5 тэрбум төгрөгөөс доошгүй байх;
  • Өөрийн хөрөнгийн хэмжээ 1 тэрбум төгрөгөөс доошгүй байх.

Бүртгэлийн хороо нь шууд оролцогчийг биржийн бус зах зээлийн арилжаанд оролцохоор бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн бол шууд бүртгэх бөгөөд харин шууд бус оролцогчийн хувьд дээрх шууд бус оролцогчид тавигдах шаардлагыг хангаагүй, холбогдох бичиг баримтуудыг бүрэн ирүүлээгүй бол брокер (шууд оролцогч) бүртгэхээс татгалзах шийдвэр гаргаж болно.

Биржийн бус зах зээлийн арилжаанд гадаадын иргэн, хуулийн этгээд шууд бус оролцогчоор оролцож болох хэдий ч тэдэнд тавигдах шаардлагыг холбогдох хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулж өгөөгүй байна.

Найм. Дүгнэлт

Биржийн бус зах зээлийн эрх зүйн орчин бүрдсэнээр аливаа үнэт цаас гаргагч нь өөрийн үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх, түүнчлэн үнэт цаасны арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалахгүйгээр зөвхөн Арилжаа эрхлэгчдийн холбоонд үнэт цаасаа бүртгүүлэн, үнэт цаасыг худалдах, худалдан авах хэлцлийг худалдан авагчтай шууд хийж байгаа нь үнэт цаас гаргагчийн цаг хугацаа, зардлыг хэмнэх боломжийг олгож байна. Түүнчлэн арилжаанд оролцогч талууд үнэт цаасыг худалдах, худалдан авах шууд хэлцэл байгуулах замаар үнэт цаас гаргагчид өөрийн үнэт цаасыг худалдахаар урьдчилан тохирсон иргэн, хуулийн этгээдэд худалдах боломж бүрдэж байна. Гэсэн хэдий ч нөгөө талаас биржийн бус зах зээлд оролцогчдын хамрах хүрээ хязгаарлагдмал, шууд бус оролцогчдод тавигдах шаардлага өндөр байгаа сөрөг тал ажиглагдаж байна.


[1] Арилжаа эрхлэгчдийн холбооны 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 8 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Биржийн бус зах зээлийн үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 3.4 дэх заалт;

[2] Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 995 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ын 3.2 дах заалт;

[3] Компани болон уг компанийн эрх бүхий албан тушаалтан, нэг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчид гэх зэрэг Компанийн тухай хуулийн 99-р зүйлд заасан этгээдүүдийг ойлгоно.

[4] Өв залгамжлал, бэлэглэл болон шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн дагуу үнэт цаасыг зохих этгээдээс холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн авсан шууд бус оролцогчийн шаардлагыг хангахгүй оролцогчийг хэлнэ.