Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орлоо[1]
Банкны хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлийг бууруулж өмчлөл-удирдлага-хяналтын тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурал Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль[2] (“Банкны хуулийн нэмэлт, өөрчлөлт”)-ийг, дагаж мөрдөх журмын тухай хуулийн хамт 2021 оны 1 дүгээр сарын 28-ний өдөр хэлэлцэн баталж, улмаар 2021 оны 2 сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх байдлаар хуульчиллаа. Энэ нь Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл[3] болон Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн[4] дагуу банкны салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй уялдаж байгаа юм. Банкны тухай хуульд орж буй зарим онцлог өөрчлөлтүүдийг дурьдвал:
- Банкны системд нөлөө бүхий банкны тодорхойлолт өөрчлөгдөв
2018 оноос мөрдөгдөж буй Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд[5] банкны системд нөлөө бүхий банк гэж “сүүлийн 6 сарын турш банкны системийн нийт активын 5-аас дээш хувийг эзэлж байгаа банкийг хэлнэ” гэж тодорхойлсон. Харин Банкны хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсноор буюу 2021 оны 2-р сарын 25-ны өдрөөс эхлэн тус тодорхойлолт өөрчлөгдөж, улмаар “банкны хөрөнгө, өр төлбөрийн хэмжээ, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дах хамаарал зэрэг шалгуурыг нэгэн зэрэг баримтлан банкны тогтолцоонд нөлөөтэй гэж Монголбанкнаас тогтоосон банкийг нөлөө бүхий банк” гэж илүү олон талаас нь харгалзаж тооцохоор болов.
- Хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах зорилгоор нэг этгээдийн банкинд эзэмших хувьцааны хувь хэмжээ, барьцааны эрхэнд хязгаарлалт тогтоов
Банкны хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар банкинд аливаа этгээдийн дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй (төрөөс дахин хөрөнгөжсөн банкны төрийн эзэмшлийн хувь болон тусгай зориулалтын банкинд хамаарахгүй) байхаар боллоо. Энэхүү шаардлагыг банкууд 2023 оны 12 сарын 31-ний өдөр гэхэд хангасан байх үүрэг хүлээлээ. Түүнчлэн банкны хувьцаа эзэмшигчид өөрийн хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасыг бусдад барьцаалуулахыг хориглолоо.
- Банкны хуулийн этгээдийн хэлбэрийн шаардлага өөрчлөгдөв
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Банкны тухай хуулийн 4.1-р зүйлд банк нь үүсгэн байгуулагдсан хэлбэрийн хувьд “хязгаарлагдмал хариуцлагатай эсхүл хувьцаат байж болно” гэж сонголттой байхаар хуульчилсан байдаг. Харин Банкны хуулийн нэмэлт өөрчлөлтөд заасны дагуу банкуудыг 2022 оны 6-р сарын 30-ны дотор хуулийн этгээдийн хувьд зөвхөн хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх шаардлагыг тавьсан болно. Тодруулбал:
а) Монголбанкнаас банкны системд нөлөө бүхий гэж тогтоогдсон банк энгийн хувьцаагаа нийтэд санал болгох[6] замаар арилжиж (IPO) нээлттэй хувьцаат компанид шилжих замаар өөрчлөн байгуулагдах; бол
б) Бусад банкууд хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх үүрэг тус тус хүлээлээ.
- Банк татан буугдах үед төлбөр барагдуулах дарааллыг дэлгэрэнгүй болгож, өөрчлөлт оруулав
Банкны тухай хуулийн 73-р зүйлд заасан төлбөр барагдуулах дарааллыг нарийвчлан задалж, илүү дэлгэрэнгүй болгон өөрчилсөн байна. Тухайлбал, (i) банкны эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтнуудад төлөх цалин хөлсний төлбөр нь банкны эрх хүлээн авагчийн зардлаас өмнө, (ii) иргэн, хуулийн этгээдийн хадгаламжийн даатгалд хамрагдаагүй хадгаламжийн болон харилцах дансдын төлбөр нь даатгагдсан хадгаламж, харилцах дансддын төлбөрөөс өмнө, (iii) Засгийн газарт төлөх өр, төлбөр нь Монголбанк төдийгүй бусад барьцаатай болон барьцаагүй төлбөр авагчийн төлбөрөөс өмнө тус тус төлөгдөхөөр эрэмблэгджээ.
Дүгнэлт
Банкны хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу банкууд хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчилж хувьцаат компани болж өөрчлөгдөх, нэг хувьцаа эзэмшигчийн банкинд эзэмших хувьцааны хувь хэмжээг 20 хувиас бага байлгах үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой төлөвлөгөөг дор бүрнээ баталж 2021 оны 7 сарын 1-ний өдөрт багтаан Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлж, хянуулах үүрэг хүлээв.
Иймд банкийг хувьцаат компани хэлбэртэйгөөр өөрчлөн байгуулах, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшлийн бүтцийг хуульд нийцүүлэн өөрчлөх түр журмыг Монголбанк ба Санхүүгийн Зохицуулах Хороо хамтран батлах шаардлага үүсч байна.
Хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах банкуудын Төлөөлөн удирдах зөвлөл 9 ба түүнээс дээш гишүүнтэй болж, тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүд байхаар болж, өөрийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад хүргүүлэх нэмэлт шаардлага банкуудад тавигдаж байна.
Дээрхээс үзвэл Монгол Улсын санхүүгийн салбарт томоохон өөрчлөлт орж, улмаар хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд түлхэц болсон шинэчлэл авчрахаар харагдаж байна. Гэхдээ энэхүү өөрчлөлт, шинэчлэл амжилттай явагдаж, хүлээсэн үр дүнд хүрэхэд Монголбанк болон СЗХ-ны нягт хамтын ажиллагаа, тэдгээрийн уялдаа бөгөөд тодорхой байдал чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.
Түүнчлэн, банк татан буугдах үед төлбөр барагдуулах дарааллыг дэлгэрүүлэн шинэчилсэн явдал нь банкны харилцагч хувь хүмүүс болон хуулийн этгээдүүдийн банкинд итгэх итгэлийг дээшлүүлэх нааштай арга хэмжээ болжээ. Гэвч Засгийн газарт төлөх өр төлбөрийн дараалал нь банкны бусад санхүүжүүлэгчдэд төлөх өр, төлбөрөөс дээгүүр жагссан хэвээр байгаа нь банкууд гуравдагч этгээдээс санхүүжилт татахад сөргөөр нөлөөлөх үр дагавартай харагдаж байна.
Банкны хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнд хандана уу.
[1] Энэхүү мэдээллийг Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 1 дүгээр сарын 28-ний өдөр хэлэлцэн баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үндэслэн бэлтгэсэн бөгөөд албан ёсоор батлагдсан эцсийн хувилбар “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдээгүй байгааг анхаарна уу.
[2] http://forum.parliament.mn/projects/10926
[3] Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 98 дүгээр тогтоолоор баталсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл
[4] Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 299 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр
[5] https://dplaw.mn/mongolia-law-on-re-capitalisation-of-commercial-banks-with-public-funds/
[6] Монгол Улсын Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 4.1.21.”нийтэд санал болгох” гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу үнэт цаасаа 50-аас дээш тооны этгээдэд санал болгон худалдахаа мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдэхийг хэлнэ.