Хиймэл оюун ухаан (AI) гэдэг нь  товчхондоо зөвхөн хүний ​​хийж чадах сэтгэх, шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх зэрэг нарийн төвөгтэй ажлуудыг гүйцэтгэх чадвартай компьютерын системийг[1] хэлдэг. Өнөө үед хүмүүс хиймэл оюун ухааныг түгээмэл хэрэглэж байгаа бөгөөд олон салбарт өргөн тархаж байна. Хиймэл оюун ухаан нь хүний оролцоо шаарддаггүй ажлуудыг автоматжуулах тул мөнгө, цагийг хэмнэж, хүний ​​алдаанаас гарах эрсдэлийг бууруулдаг давуу талтай.

Гэсэн хэдий ч Европын холбоо (цаашид “ЕХ”) нь хиймэл оюун ухааны хэд хэдэн түвшний эрсдэлийг бий болгож байгааг тодорхойлсон. Тухайлбал, үл зөвшөөрөгдөх эрсдэл гэдэгт онлайн орчинд хүний биометрик мэдээлэл алдагдах, нийгмийн ялгаварт байдал үүсэх[2] зэргийг авч үзсэн бөгөөд үүнээс үүдэн ноцтой гэмт хэрэг гарахаар байгааг тогтоосон байна. Мөн хүний үндсэн эрхүүдэд сөрөг нөлөө үзүүлэх хиймэл оюун ухааныг өндөр эрсдэлтэй гэж тооцох бөгөөд хоёр ангилалд хуваасан. Нэгдүгээрт, ЕХ-ны бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжид хамаарах бүтээгдэхүүнүүдэд ашигладаг хиймэл оюун ухааныг өндөр эрсдэлд тооцсон. Хоёрдугаарт, EX холбооны мэдээллийн санд бүртгүүлэх шаардлагатай тусгай салбаруудыг тодорхойлсон тухайлбал, хууль сахиулах, цагаачлал, боловсрол[3] гэх мэт. Мөн цаашилбал, зохиогчийн эрхийн зөрчил үүсэх эрсдэлтэй гэж үзсэн бөгөөд хиймэл оюун ухааныг ашигласан тохиолдолд зохиогчийн эрхийн тухай хуулийн зохицуулалтыг дагаж мөрдөх[4] ба хэрэв өндөр үр нөлөө бүхий хиймэл оюун ухааны систем хэрэглэсэн тохиолдолд ЕХ-ны комисст мэдэгдэхээр зохицуулсан.

Иймд Европын Холбоо нь 2023 оны 6 сарын 14-нд анхны Хиймэл Оюун Ухааны тухай хуулийг баталсан бөгөөд энэхүү хуулийн нэн тэргүүний зорилт нь ЕХ-нд ашиглагдаж буй хиймэл оюун ухааны системүүд нь аюулгүй, ил тод, ялгаварлан гадуурхалтгүй, байгальд ээлтэй байх явдал юм.

Өмнөд Солонгос Улс ЕХ-ны Хиймэл Оюун Ухааны тухай хуулиас эх авч Хиймэл Оюун Ухааны тухай цогц хуулийг баталсан дэлхийн хоёр дахь улс болсон. Энэхүү хуулийн ач холбогдол нь инновацыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх түүнчлэн хиймэл оюун ухааны эрсдэлийг бууруулахын зэрэгцээ баталгаатай хиймэл оюун ухааныг дэмжих[5] зорилготой юм.

1. Бүгд Найрамдах Солонгос Улс(“БНСУ”)-ын Хиймэл Оюун Ухааны тухай хууль

БНСУ-ын Үндэсний Ассамблей нь Artificial Intelligence Basic Act 2024 буюу Хиймэл Оюун Ухааны тухай хуулийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан бөгөөд энэхүү хууль нь 2026 оны 1 дүгээр сарын [1]-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.[6]

Тус хууль нь 2024 оны 5 сараас 11 сар хүртэл 19 өөр хуулийн зохицуулалтын саналыг нэгтгэсэн бөгөөд шинжлэх ухаан, технологи, мэдээлэл болон нэвтрүүлэг гэсэн зохицуулалтын хэсгүүдийг тус тус багтаажээ.[7]

2. Хиймэл Оюун Ухааны тухай хуулийн зарим онцлог зохицуулалтууд

Ил тод байдал:

Хиймэл Оюун Ухааны тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу аливаа бизнес эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээндээ өндөр үр нөлөө бүхий хиймэл оюун ухааны системийг нэвтрүүлж буй тохиолдолд хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэх шаардлагыг[8] тусгасан байна.

Хиймэл оюун ухааны “өндөр үр нөлөө”:

Энэхүү хуулийн 34 дүгээр зүйлд[9] өндөр үр нөлөө бүхий хиймэл оюун ухааны системийг ашиглаж буй бизнес хэрэглэгчид эрсдэлийн удирдлага болон төлөвлөгөөг хэрэгжүүлэх ёстойг заасан байна.

Аюулгүй байдал:

Хиймэл Оюун Ухааны тухай хуулийн 32 дүгээр зүйлд зааснаар хиймэл оюун ухаан нь бүхий л үе шатанд эрсдэлийг тооцоолох бөгөөд эрсдэлийн мониторинг хийсэн үр дүнг [харьяа] сайдад хүргүүлнэ.[10]

Мөн тус хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу Хиймэл Оюун Ухааны Судалгааны институц нь аюулгүй байдлыг хангахтай холбогдсон дэмжлэгийг үзүүлнэ.

Ёс зүй:

Хиймэл Оюун Ухааны хуулийн 27 дугаар зүйлд хүний эрх, аюулгүй байдалд зориулан ёс зүйн зарчмыг тусгаж хуульчилсан байна.

3. ЕХ-ны болон БНСУ-ын  Хиймэл Оюун Ухааны тухай хуулийн үндсэн төстэй ба ялгаатай байдал

Төстэй талууд:

  • Өндөр үр нөлөө бүхий хиймэл оюун ухааны эрсдэлийн удирдлагыг зохицуулсан
  • Хиймэл оюун ухааны ил тод байдлыг тусгасан
  • Чиг үүрэг бүхий хяналтын байгууллагуудын үйл ажмллагааг зохицуулсан.

Ялгаатай талууд:

  • ЕХ-ны хуулинд хиймэл оюун ухааны эрсдлийг ерөнхийд нь дурдсан бол  БНСУ улам нарийвчлан  4 түвшинд (үл зөвшөөрөгдөх эрсдэл, өндөр эрсдэл хязгаарлагдмал, бага эрсдэл)[11] ангилж авч үзсэн.
  • БНСУ хувь хүмүүсийн хэрэглээн дэх тодорхой төрлийн хиймэл оюун ухааныг шууд хориглоогүй байна.

Ийнхүү БНСУ нь Хиймэл Оюун Ухааны тухай хуулийг баталснаар зарим тодорхой бус байдлыг багасгах, гарч болзошгүй эрсдэлүүд буурах болон бизнес эрхлэгчдийн хиймэл оюун ухаан ашиглалтын ил тод байдлыг тусгасан давуу талтай харагдаж байна.

Цаашлаад бусад улс орнууд ч энэхүү шинэ салбарын хуулийн зохицуулалтыг хуульчилж зохицуулах төлөвтэй байна.


[1] Coursera, what is Artificial Intelligence? Definition, Uses, and Types (December 20, 2024) https://www.coursera.org/articles/what-is-artificial-intelligence

[2] European Parliament, AI rules: What the European Parliament wants (June 20, 2023), available at : https://www.europarl.europa.eu/topics/en/article/20230601STO93804/eu-ai-act-first-regulation-on-artificial-intelligence

[3] Мөн тэнд

[4] European Parliament, AI rules: What the European Parliament wants (June 20, 2023), available at : https://www.europarl.europa.eu/topics/en/article/20230601STO93804/eu-ai-act-first-regulation-on-artificial-intelligence

[5] Мөн тэнд

[6] Artificial Intelligence Act 2024, available at: https://artificialintelligenceact.com/south-korean-ai-basic-law/#:~:text=The%20AI%20Basic%20Law%20is,risks%20while%20promoting%20trustworthy%20AI.

[7] Artificial Intelligence Act 2024, available at: https://artificialintelligenceact.com/south-korean-ai-basic-law/#:~:text=The%20AI%20Basic%20Law%20is,risks%20while%20promoting%20trustworthy%20AI.

[8] News, “National Assembly passes the AI Basic Act” (December 30, 2024), available at: file:///C:/Users/User/Downloads/SHIN&KIM_Newsletter_2667_eng.pdf

[9] News, “National Assembly passes the AI Basic Act” (December 30, 2024), available at: file:///C:/Users/User/Downloads/SHIN&KIM_Newsletter_2667_eng.pdf

[10] Мөн тэнд

[11] “National Assembly passes the AI Basic Act” (December 30, 2024), available at: file:///C:/Users/User/Downloads/SHIN&KIM_Newsletter_2667_eng.pdf