Гадаадаас ажиллах хүч оруулж ирэхэд анхаарах зарим асуудлууд
Монгол Улсаас ажиллах хүчин гаргах болон авах ажиллагааг Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулиар 20 жил зохицуулж ирсэн бөгөөд 2021 оны 12-р сарын 24-ний өдөр “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль” батлагдан 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль нь өмнөх хуулийг бодвол холбогдох харилцааг нарийвчлан зохицуулсан, мөн өмнөх хуулийн үед журмаар зохицуулж байсан харилцаануудыг хуульд оруулж ирснээрээ онцлог болсон байна. Мөн гадаадаас ажиллах хүчин оруулж ирэхтэй холбоотойгоор гадаад ажилтныг урих зөвшөөрлийг хязгаарлах, ажил олгогчийн гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрлийг цуцлах, гадаад ажилтныг оруулж ирэхээс өмнө дотоодоос ажилтан хайх, хайж эхэлснээс 14 өдрийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэхээр урих эрх нь нээгдэх болон гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх ажлын байрны төрөл, ангиллыг тодорхойлсон гэх мэт зохицуулалтуудыг нэмж хуульчилсан байна.
Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувь буюу квот болон ажлын байрны төлбөр
Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор Засгийн газар тогтоол гаргаж, хувийг нь тогтоодог[1]. Уг хувь хэмжээ буюу квотыг тухайн гадаадаас ажиллах хүчин авах хүсэлтэй Монгол уригч байгууллагын дотоод ажилтнуудын тоонд хувь тэнцүүлэн тооцдог. Уг квотын хязгаарлалтаас гадна гадаадын иргэнд хуулиар сар бүр ажлын байрны төлбөр ногдуулдаг бөгөөд уригч байгууллагын нэг гадаад ажилтны хувьд төлөх ёстой 1 сарын ажлын байрны төлбөрийн хэмжээ нь 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу одоогийн байдлаар 840,000 (420,000*2) төгрөг бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс 1,100,000 (550,000*2) төгрөг болж өснө.
Харин Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн хүрээнд ажиллах хүчийг дотоодоос хангах боломжгүй нөхцөлд Засгийн газрын шийдвэрээр гадаад ажилтан авч ажиллуулж болох ба энэ тохиолдолд Засгийн газар ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлж болдог.[2] Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх үндэслэлүүдийг хуульчилсан байдаг ба жишээлбэл Засгийн газар хоорондын гэрээнд заасан тохиолдолд уг гэрээний дагуу ажиллаж байгаа мэргэжилтэн, ажилтнуудыг мөн хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг үндэслэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, гишүүн, удирдах бүрэлдэхүүний 3 хүртэлх төлөөлөгчийг гэх зэрэг.[3]
Өөрөөр хэлбэл хууль тогтоомжид заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд Засгийн газрын тогтоол гарахаас өмнө уригч байгууллага нь хүсэлтээ өгөн квот болон ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэх боломжтой байдаг. Ингэснээр квотын хязгаарлалтгүйгээр мөн ажлын байрны төлбөр төлөхгүйгээр гадаадын иргэдийг авч ажиллуулж болно.
Дээрхээс гадна “Шинэ сэргэлтийн бодлого"[4]-ын дагуу Монгол Улсад 2022 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг нийт ажиллагчдын тоонд эзлэх хувиар хязгаарлахгүй байхаар тогтоосон бөгөөд ажлын байрны төлбөрөөс 50%-иар хөнгөлсөн. Энэ нь бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хөдөлгөх, хурдасгахад түлхэц үзүүлэх зорилготой юм.
Хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл
Монгол Улсад орж ирээд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах ёстой гадаад иргэдийн хувьд Монгол Улсад орж ирэхээс өмнө түүнийг уригч байгууллага буюу Монгол Улсад бүртгэлтэй компани нь холбогдох Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газраас тухайн гадаад иргэнд хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл авах ёстой байдаг. Уг зөвшөөрлийг үндэслэн тухайн гадаадын иргэнд виз олгогддог. Уригч байгууллага нь гадаадын иргэнийг хөдөлмөр эрхлүүлэхээр урьдчилсан зөвшөөрөл авах хүсэлтээ тухайн иргэнийг ирэхээс нэг сарын өмнө холбогдох материалын хамт Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлнэ[5]. Уг хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл нь 3 сарын хугацаанд хүчинтэй байдаг ба тухайн хүчинтэй хугацаанд багтаан тухайн гадаад иргэн нь Монгол Улсад орж ирэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.
Визний ангилал
Монгол Улсын виз нь Монгол Улсын хилээр нэвтрэх, Монгол Улсад тодорхой хугацаанд байх зөвшөөрлийг олгодог бөгөөд Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газар нь виз олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг эрх бүхий байгууллага юм. 2021 онд Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын виз олгох журам”[6]-ыг шинэчлэн баталсан бөгөөд уг журмаар 9 ангиллаар гадаадын иргэнд виз олгож байна. Үүнээс дипломат болон албан, хөрөнгө оруулагчийн, хөдөлмөр эрхлэгчийн, түр ирэх гэсэн ангилал нь Монгол Улсад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ирж буй гадаадын иргэдийн ихэвчлэн ашигладаг визний ангиллууд юм. Жишээлбэл:
- “А3” ангиллын визийг уригч байгууллага нь Засгийн газар хоорондын, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, олон улсын байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэнд авч өгч болох ба уг визээр Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, оршин суух эрхтэй;
- "C1" ангиллын визийг уригч байгууллага нь барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд авч өгч болох ба уг визээр Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, оршин суух эрхтэй;
- "K1" эсхүл “К2” ангиллын визийг ажил хэргийн шугамаар буюу төсөл, хөтөлбөрийнхөө хүрээнд уулзалт хэлэлцээр хийхээр ирж буй гадаадын иргэд авахад тохиромжтой боловч уг визээр Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, оршин суух эрхгүйг анхаарах хэрэгтэй.
Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газраас визний зөвшөөрөл болгож олгодог кодоор тухай гадаадын иргэн нь 60 хоногийн дотор өөрийн байгаа улс дах Монгол Улсын элчин сайдын яам эсхүл консулын газар, хэрэв аль нь ч байхгүй бол Монгол Улсын тодорхой боомтууд, жишээлбэл Хөшгийн Хөндийн боомт, дээр тухайн кодоо ашиглан визээ мэдүүлэн Монгол Улсын хилээр орж ирэх боломжтой байдаг. Хэрэв тухайн гадаадын иргэн нь Монгол Улсын хилээр орж ирснийхээ дараа визний ангиллаа өөрчлөх бол заавал Монгол Улсын хилээр гараад, буцаж орж ирэх шаардлагатай байдгийг анхаарна уу.
Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, оршин суух
Гадаадын иргэн нь Монгол Улсад хууль ёсоор ажиллаж, амьдрахад заавал хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл болон оршин суух зөвшөөрлүүдийг тус тус холбогдох эрх бүхий байгууллагаас авсан байх шаардлагатай. Уригч байгууллага нь гадаадын иргэнийг Монгол Улсын хилээр орж ирсэн өдрөөс эхлэн ажлын 10 хоногийн дотор[7] Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандан ажлын байрны төлбөрийг урьдчилан төлснөөр[8] гадаадын иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авдаг ба хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг 1 жил хүртэл хугацаагаар олгодог[9]. Хэрэв эхний хэсэгт дурдсанчлан ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдсөн бол түүнийг төлөх шаардлагагүйгээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл шууд авч болно.
Харин гадаад иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газраас олгодог ба гадаадын иргэн нь Монгол улсад орж ирсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”[10]-д заасан холбогдох материалуудыг бүрдүүлэн өөрийн биеэр очиж мэдүүлэх ёстой[11] байдаг.
Гадаад иргэний хувьд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрөл авахад Эрүүл мэнд болон Хөдөлмөрийн сайдын тушаалаар батлагдсан “Гадаадаас Монгол Улсад ажиллаж буй иргэдийн эрүүл мэндийн үзлэгийн маягт”-ын дагуу харьяа дүүргийн эрүүл мэндийн төв дээр очин үзлэг шинжилгээ хийлгэсэн байх шаардлагатай байдаг ба өөр улсад хийлгэсэн үзлэг, шинжилгээний хариуг холбогдох эрх бүхий байгууллагууд хүлээн авдаггүй.
Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газар болон Гадаадын иргэн, харьяатын газар нь 2021 оны сүүлээс эхлэн дээрх бүх зөвшөөрөл, визний хүсэлтийг онлайнаар авдаг болсон ба ингэснээр гадаадын иргэд, тэдгээрийг уригч байгууллагын цагийг хэмнэх, бүх мэдээллийг нэгдсэн системд оруулах гэх мэт тал талын ашиг тустай болсон.
Хөдөлмөрийн харилцаа
Гадаадын иргэд нь дотоодын ажилтнуудтай нэгэн адил Хөдөлмөрийн тухай хуулийн хамгаалалт, зохицуулалтад хамаардаг ба Монгол ажилтнуудтай хөдөлмөрийн харилцаанд ороход тавигдах бүхий л шаардлагууд мөн гадаадын иргэнийг ажиллуулж буй байгууллагад хамаардаг. Үүнээс гадна ажил олгогч нь Монгол Улсад анх ирж байгаа гадаад ажилтанд хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай тусгай мэдээллээр хангах хөдөлмөр эрхлэх чиг баримжаа олгох сургалтад хамруулах үүрэгтэй байдаг бөгөөд үүнтэй холбоотой гарсан зардлыг ажил олгогч хариуцдаг[12].
[1] Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 22.1-р заалт;
[2] Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 22.6 болон 32.4-р заалт;
[3] Засгийн газрын 2015 оны 41-р тогтоолоор батлагдсан “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам”-ын 3.1.4, 3.2-р заалт;
[4] Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор баталсан;
[5] Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2015 оны А/108/149 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журам”-ын 3.7-р заалт;
[6] Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 7-ны 192 тоот тогтоолоор баталсан;
[7] Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2015 оны А/108/149 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журам”-ын 3.7-р заалт;
[8] Засгийн газрын 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам”;
[9] Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 24.4-р заалт;
[10] Засгийн газрын 2021 оны 194 дүгээр тогтоолоор баталсан;
[11] Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.5, 32.3-р заалт;
[12] Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 31-р зүйл.