Монгол Улсын Их Хурал (“Их Хурал”)-ын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар 2008 оны Татварын ерөнхий хуулийг хүчингүй болгож Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг батласан. Энэхүү шинэчилсэн найруулгын 18 дугаар зүйлд Монгол Улсын татварын байгууллага нь Монгол Улстай татварын хэлэлцээр байгуулсан бусад улсын эрх бүхий байгууллагатай татвар төлөгчийн талаарх мэдээллийг харилцан солилцох асуудлыг зохицуулсан. Тухайн харилцан солилцож болох мэдээллүүдийн нэг нь хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл юм.

Үүний дагуу, Их Хурлын батласан, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль (“Сүүлийн нэмэлт өөрчлөлт”)-д зааснаар бүх хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг Монгол Улсын Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар (“ХЭБГ”)-т бүртгүүлэх шаардлагатай болсон.

2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ХЭБГ-т бүртгүүлсэн хуулийн этгээдүүд нь өөрийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан ХЭБГ-т бүртгүүлэх ёстой бөгөөд ингэхдээ 2019 оны Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн маягт” (“УБ-12 маягт”)-ыг бөглөнө. Эдгээр хуулийн этгээдүүд нь дотоодынх бол 10,000 төгрөг, харин гадаадын хөрөнгө оруулалттай бол 40,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлнө.

Эцсийн өмчлөгчөө нөхөн бүртгүүлснээс хойш эцсийн өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд тухайн өөрчлөлтийг улсын бүртгэлд тухай бүр бүртгүүлэх ёстой бөгөөд ингэхдээ дотоодын хуулийн этгээд 10,000 төгрөг, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд 40,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлнө.

Монгол Улсын хуулиар “эцсийн өмчлөгч” гэдэгт тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг олгоно гэж заасан.

Ингэж хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр нэгдсэн мэдээллийн сантай болж ХЭБГ болон татварын байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, харилцан мэдэээлэл солилцох боломж бүрдэх юм.

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг ХЭБГ-т тогтсон хугацаанд бүртгүүлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд тооцогдох бөгөөд Зөрлийн тухай хуулиар шийтгэл оногдуулах хүртэл арга хэмжээ авч болно.

Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-иар ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн эцсийн эзэмшигчийн талаарх мэдээллийг холбогдох татварын албанд бүртгүүлэхийг шаарддаг бөгөөд үүн дээр нэмээд хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг ХЭБГ-т бүртгүүлдэг болсон. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д дурдсан “эцсийн эзэмшигч” гэдгийг илүү нарийвчилсан байдлаар ойлгох ба ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг ойлгоно.