Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль
Нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол та бидэнтэй холбогдоорой.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль нь анх 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр батлагдсан бөгөөд ийнхүү батлагдсанаасаа хойш 6 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Уг хууль нь 4 бүлэг 21 зүйлтэй.
Энэхүү хуулийн зорилго нь төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн (хуулийн этгээд)-ийн эрх зөрчигдсөн, хохирол учирсан бөгөөд хохирлоо нөхөн төлүүлэх, түүнчлэн өөрт тулгарсан, төрийн байгууллага, албан тушаалтнаар шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлын талаар (тухайлбал: аливаа хөнгөлөлт, тусламжид хамрагдах) өргөдөл, гомдол гаргах эрхийг хангахад чиглэсэн болно.
“Өргөдөл” гэж иргэн (хуулийн этгээд) тухайн асуудлыг шийдвэрлэх эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан албан хүсэлтийг хэлнэ. Тухайлбал: Иргэн (хуулийн этгээд) нь эрх бүхий байгууллагаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг эзэмших эрхтэй бөгөөд энэ талаар төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл (хүсэлт) гаргаж шийдвэрлүүлнэ.
“Гомдол” гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр эсвэл үйл ажиллагааны улмаас иргэн (хуулийн этгээд)-д хохирол учирсан бол уг хохирлоо барагдуулах, нөхөн төлүүлэхээр гаргаж байгаа албан хүсэлт юм. Тухайлбал: Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч А ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газарт очтол бичиг хэргийн ажилтан нь ээлжийн амралтаа авсан гэх шалтгаанаар А ХХК-ийн албан хүсэлт (холбогдох бусад баримт бичиг)-ийг хүлээн авахгүй байсан бөгөөд үүний улмаас А ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргах хугацаа дууссан байна. Энэ тохиолдолд А ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа албан тушаалтны эс үйлдэхүйн талаар гомдол гаргаж болно.
Иргэн (хуулийн этгээд ) нь өргөдөл, гомдлыг амаар, бичгээр, цахим сүлжээгээр 1 дамжуулан гаргаж болно.
1 “Цахим сүлжээ” гэдэгт төрийн байгууллага, албан тушаалтны цахим шуудан (и-мэйл) болон тухайн төрийн байгууллагын цахим хуудас (вэбсайт)-д буй өргөдөл, гомдлыг интернэт сүлжээгээр дамжуулан илгээх цонхыг ойлгож болно.
Өргөдөл, гомдолд дараах шаардлага тавигдана. Үүнд:
- Өргөдөл, гомдол гаргаж байгаа хүний овог, нэр
- Оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг
- Гарын үсгээ зурсан байх (Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гарын үсгээ зурж чадахгүй + бол бусдаар төлүүлэн зурж болно).
Өргөдөл, гомдол гаргахад дээр дурдсанаас бусад зүйл шаардахыг хориглоно2.
Түүнчлэн иргэн (хуулийн этгээд)-ээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхгүй буцааж болно.